Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай үүргийн нислэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр:
“УОК-ын шийдвэрийн дагуу зургадугаар сард үйлдэгдэх тусгай үүргийн нислэгүүдийн бэлтгэл хангагдаад, эхний нислэгүүд амжилттай үйлдэгдээд явж байна.
Дараагийн нислэгүүдийн хувьд:
- 6 сарын 17-ны өдөр Хойд Америкт байгаа иргэдийг татаж авах тусгай үүргийн нислэгийг Сөүл хот руу үйлдэнэ.
- 6 сарын 18-нд Сөүл хотоос Солонгост байгаа иргэдийг татан авах нислэг
- 6 сарын 19-ны өдөр Европын орнуудад байгаа иргэдийг татах тусгай нислэгийг Франкфурт хот руу тус тус үйлдэнэ.
Харин энэ 7 хоногийн хувьд зургадугаар сарын 12-ны өдөр Энэтхэг рүү нислэг үйлдэж тэнд байгаа лам хүүхдүүдийг эх оронд нь авчирахаар бэлтгэлээ хангаж байна.
Үүний дээр транзит зорчигчийг авахтай холбоотойгоор Солонгосын талтай дипломат шугамаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нааштай хариу гарах чигтэй байгаа. Солонгосын талтай бид дээр дурьдсанчлан зургадугаар сарын 17,18-нд хийх нислэгээс гадна Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийг Солонгос улсаар дамжуулан авах талаар санал тавьж, хэлэлцээр хийж байна. Учир нь Зүүн Өмнөд Азид байгаа иргэдийн нөхцөл байдал амаргүй байгаа тул тэдний тавьсан хүсэлтийг харгалзан үзэж, тэднийг авахаар Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэх тухай Солонгосын талтай хэлэлцээр хийж байгаа юм. Уг хэлэлцээр албан ёсоор эцэслэгдээгүй ч, одоогоор нааштай байна.” гэлээ.