Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ Монгол Улсад хоёр жил дараалан гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад хоёр жил дараалан Монгол улстай холбоотой гомдол өгчээ. Тодруулбал, ОХУ-аас үр тариа авсангүй, гурил, сүүнд импортын квот (хязгаарлалт)  тавьлаа хэмээн сүүлийн хоёр жил манай улстай холбоотой гомдлыг  Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан байна.

Үүнтэй холбоотойгоор Дэлхийн худалдааны байгууллагын хэд хэдэн хороо өчигдөр манай улсын эсрэг асуулгыг тавьжээ.  Маргааш тус гомдлын талаар ДХБ-ын бараа, худалдааны зөвлөлд хэлэлцэнэ гэнэ. 

ОХУ-ын тус гомдолтой холбоотойгоор цахим орчинд манай улсын иргэд ихээр бухимдаж байгаагаа илэрхийлж, шүүмжлэлүүд бичсээр байна. 
Тухайлбал, “ОХУ өөрсдөө манай бүтээгдэхүүнд хориг өндөр татвар тавьдаг,  Бид ингэж гомдол гаргах хэрэгтэй, Оросууд манай экспортод маш өндөр тариф тавьдаггүй билүү?, Оросын хоригийг ч бас ярь, ” гэх мэтээр шүүмжилцгээж байна. 

Харин гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн “Манай улс 1997 онд ДХБ-д элсэхдээ импортын татвараа 20% байхаар тохирсон. Тухайн үед туршлагүйгээс элдэв хөнгөлөлт, дотоодын зах зээлээ хамгаалах хамгаалалт авч чадаагүй. Харин ОХУ ДХБ-д элсэхдээ хэлэлцээгээ сайн хийж, өндөр татвар тавих эрхээ хадгалж, дотоодын үйлдвэрлэл, зах зээлээ сайн хамгаалсан. Туршлагагүй, хүнээ бэлтгээгүй байж 1996 онд сонгуулиас өмнө манай засаг хийж дуусгана гэж яаран сандран шийдвэр гаргасны уршиг нь энэ л дээ” гэжээ. 

ОХУ манай улсын  мах, сүүнд 65 хувийн,  энгийн бараан дээр 30 хувийн татвартай юм. 

ДХБ гэж юу вэ? Монгол улс хэдэн онд элссэн бэ?

Дэлхийн худалдааны байгууллага нь олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх дэлхий нийтийн дүрэм журмыг тогтоон, хэрэгжүүлэн, мөрдүүлдэг, Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Олон улс орны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд Дэлхийн худалдааны байгууллагыг /ДХБ/ 1995 онд байгуулсан түүхтэй.

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд ДХБ-ын 130 дахь гишүүн болжээ.

Танилц: Сонгуулийн саналын хуудасны загвар гарлаа
Танилц: Сонгуулийн саналын хуудасны загвар гарлаа
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.