Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур сүү хүлэмж, оёдлын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм.
Грийн Сити Гарден ХХК өвлийн хүлэмж байгуулах төслийн хүрээнд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкаас 8.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компанийн эцсийн өмчлөгч нь Д.Баясгалан бөгөөд Гүйцэтгэх захирал Ж.Эрхэмбаяр нь ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатарын төрсөн ах аж. Зээлийн нийт санхүүжилтээс 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан нь зээлийн гэрээнд заасан зориулалтыг зөрчсөн гэж шинжээч үзсэн юм.