Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцсон юм
Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцсэн. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ.
Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмжийг гаргав.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан чуулганыг хааж хэлэхдээ , Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна гэж онцоллоо.