Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгрөгийн ханш цаашид тогтвортой байх хэд хэдэн суурь хүчин зүйлс бүрдлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 43 секунд

Энэ он гарсаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3500 орчим төгрөгт хүрч, бага зэрэг сулраад байна. Гэвч энэ оны ерөнхий төлөвийг харвал, төгрөгийн ханш цаашид тогтвортой байх хэд хэдэн суурь хүчин зүйлс бүрдээд байгааг мэргэжлийнхэн онцолж байна. Юун түрүүнд өнөөдөр /2023.03.13/ ашиглалтад орж, нээлтээ хийж буй Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт нь манай улсын төлбөрийн тэнцэл, улмаар төгрөгийн ханш тогтвортой байхад хамгийн чухал нөлөө үзүүлэх нь тодорхой юм. Цаашилбал, БНХАУ “Тэг-Ковид” бодлогоо цуцалснаар нүүрс төдийгүй бүхий л голлох түүхий эдүүдийн ханшид эергээр нөлөөлөх хүлээлттэй байна. Мөн Засгийн газар бондын төлбөрүүдээ дахин санхүүжүүлсэн, Монгол Улсын Хөгжлийн банк “Самурай” бондын эргэн төлөлтийг бүрэн барагдуулах эх үүсвэрээ нэгэнт бүрдүүлсэн зэрэг нь улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулах, ам.долларын орох урсгалыг сайжруулах нөлөөтэй. Илүү тодорхой хэлбэл, зээлжих зэрэглэл тогтвортой байснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг чиглэн орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ. Мөн экспортын орлого нэмэгдэх нь валютын орох урсгалыг сайжруулах хамгийн чухал хүчин зүйл болох учиртай. Хэрэв ам.долларын орох урсгал нэмэгдсээр байвал энэ нь төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улмаар төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлэх юм.

  1. Нүүрсний экспорт өссөөр байна

Энэ оны эхний нэг сарын байдлаар манай улс урд хөрш рүү 3.5 сая тонн нүүрс экспортолсноор экспортын нүүрсний орлого 565 сая ам.долларт хүрлээ. Энэ нь уул уурхайн экспорт хэвийн явагдаж байсан 2020-2021 оны мөн үетэй харьцуулахад 1.4 дахин өссөн үзүүлэлт юм. Цаашид БНХАУ “Тэг-Ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулснаар, урд хөршийн коксжих нүүрсний эрэлт улам өсөх хүлээлттэй байна. Тодруулбал, БНХАУ энэ онд нүүрсний үйлдвэрлэлээ 100-150 сая тонноор нэмэгдүүлэх тооцоог гаргаад байгаа бөгөөд Монгол Улсаас авто замаар импорт хийдэг Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 2025 он гэхэд 30 сая тоннд хүргэхээр зорьж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд тус боомтоор манай улсаас хүлээж авсан нүүрсний хэмжээ 18.04 сая тоннд хүрсэн нь 2021 онтой харьцуулахад 160 хувиар өссөн дүн гэдгийг sxcal.com сайт мэдээлжээ. Нөгөөтээгүүр, Тавантолгой - Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын асуудал шийдэгдсэнээр цаашид манай улсын экспортын гарц өсөх боломж нээгдээд байна.

  1. Зэсийн үнэ өсөх ирээдүйтэй хамт Оюутолгойн гол бүтээн байгуулалт ашиглалтад оров

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Ингэснээр Оюутолгойн ордын хамгийн өндөр агууламж бүхий гүний уурхайгаас экспорт хийх боломжтой болж байна. Нөгөөтээгүүр далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдаж байсан ихээхэн хэмжээний импортын зардал үгүй болж, цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон гарц нээгдлээ. Эдийн засагч Д.Ган-Очир энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэлийг нээснээр богино хугацаандаа экспортын хэмжээ огцом өсөлт үзүүлэхгүй. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 орчим хувиар экспортын орлого өснө. 2023-2024 оны хооронд 25 орчим хувь, 2025 оноос эхлээд экспортын орлого нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна” гэжээ.

Үүнтэй зэрэгцээд 2023 онд зэсийн үнэ өндөр байх хүлээлт байсаар байна. 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 8853 ам.доллар байгаа нь оны эхнээс хойш 5.7 хувийн өсөлттэй үр дүн юм. Түүнчлэн БНХАУ хөл хориогоо цуцалснаар ам.долларын ханш суларч, зэсийн эрэлтийг ч нэмэгдүүлээд байгаа юм. Тус улс дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 хувийг бүрдүүлдэг тул тус улсын эдийн засгийн сэргэлт нь зэсийн үнийг цаашид өндөр түвшинд хадгалах томоохон суурь хүчин зүйл болж буй билээ.

  1. Монгол Улс богино хугацааны өр төлбөрүүдээ шийдэв

Монгол Улсын Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө “Самурай” бондын эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрэн бүрдүүлээд байна. Хөгжлийн банк “Самурай” бондыг 2013 онд Засгийн газрын баталгаатайгаар гаргаж, 30 тэрбум иенийг 10 жилийн хугацаатай, 1.5 хувийн хүүтэйгээр олон улсын зах зээлд арилжаалсан. Бондыг эргэн төлөх хуваарь 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Гэвч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх эх үүсвэрийг Хөгжлийн банк зээлийн эргэн төлөлтөөрөө амжилттай бүрдүүлж, Монголбанк дахь тусгай дансанд урьдчилан байршуулсныг Сангийн яам мэдэгдсэн. Ингэснээр хөрөнгө оруулагчдад эерэг дохиог өгч, зээлжих зэрэглэлийг тогтворжуулахад ч чухал ач холбогдолтой ажил болсон юм. Нөгөөтээгүүр, Засгийн газрын түвшинд 2023-2024 онд төлөх “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудын төлбөрийг дахин санхүүжүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тодруулбал, энэ оны эхээр Засгийн газар “Сенчүри-2” төслийн хүрээнд таван жилийн хугацаатай, 8.65 хувийн хүүтэйгээр санхүүжилт татсан. Холбооны нөөцийн сангийн бодлогын хүү 4.75 хувьд хүрээд байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газрын бондын хүү 8.65 хувиар тогтсон нь хөрөнгө оруулагчид Монгол Улсад ихээхэн итгэж буйн илрэл гэдгийг судлаачид мөн онцолж байгаа юм.

Н.Батдарь: Өвөл, зуны нислэгийн тийзний үнийн зөрүү 40-50 хувь орчим байдаг. Өвөл буурч, зун нэмэгддэг
Н.Батдарь: Өвөл, зуны нислэгийн тийзний үнийн зөрүү 40-50 хувь орчим байдаг. Өвөл буурч, зун нэмэгддэг
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.