Хөгжлийн банкны зээлийн асуудлаарх сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ноолуур төслийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэж байгаа юм. Эл хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд ХБ-наас Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-нд 5 тэрбум дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан байдаг. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад, Капитал банкнаас Мөнххаан трейд ХХК-нд зээл олгосон эсэх нь нотлогдоогүй буюу зээлийн хувийн хэрэг олдоогүй юм. Харин Хөгжлийн банк дахь тайлангаас шалгахад гүйлгээ хийсэн гэж гарч ирсэн аж. Өөрөөр хэлбэл, банкны хууль тогтоомжийг зөрчиж бичиг баримт устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал болохыг шинжээч болон Түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм. Ташрамд дурдахад, зээл авсан гэх эл компанийн захирал нь дамжуулан зээл авсан Капитал банкных нь Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд байжээ. Түүнийг өнөөдрийн сонсголд гэрчээр дуудсан боловч ирээгүй юм.