Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэрэлжид ТОХИРООД, Төрийн ордонд хэрэгжүүлэх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ Ардын намын “НУУЦ УУЛЗАЛТ”

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 3 секунд
UBN.MN

Тэрэлжид өнгөрөгч бямба гарагт нэгэн нууцлаг уулзалт болжээ. Уулзалтын агуулга нь маргааш эхлэх хаврын чуулганаас эхлээд дараагийн сонгууль болтол МАН-ын баримтлах улс төр дахь “тоглоомын дүрэм” байв. Ер нь МАН-ынхан улс төрийн томоохон шийдэл гаргахынхаа өмнө Тэрэлжид цугладаг албан бус зуршилтай. Аль 2010 онд л тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд намынхаа хамаг томчуудыг цуглуулж байгаад МАХН гэдэг нэрээ МАН болгож өөрчлөх. Цаашлаад 2012 оны сонгуульд баримтлах ерөнхий чиг хандлагаа Тэрэлжид зурж байсан түүхтэй. Үүнийгээ тухайн үед МАН-ынхан “Тэрэлжийн тунхаг” хэмээн албан бусаар нэрийдэж байлаа.

Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ч гэсэн гүйцэтгэх засаглалаа тэргүүлж, намын дарга болсноосоо хойш Тэрэлжийг багагүй зорьж байна. Тэрбээр, 2021 оны 9 дүгээр сард Засгийн газрын гишүүд болон УИХ-ын гишүүдийг ойлголцуулж, ойртон нягтруулах зорилготой анхны уулзалтаа төсөв өргөн барихын өмнө Тэрэлжид хийсэн. Мөн сая нэгдүгээр сард шинэ сайдууд болон УИХ-ын дэд даргын томилгооны дараа намынхнаа Тэрэлжид цуглуулж багагүй улс төрөө ярьсан гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Тэрэлжийн уулзалт” бол 2023 он гарснаас хойших хоёр дахь уулзалт гэсэн үг.

Мэдээж нууцлаг байлгах гэж хичээсэн хойно МАН-ынхан утас, шөрмөсгүй нэг хэсэгтээ л вакумжсан тул хурлын дэлгэрэнгүй протокол одоохондоо алга. Гэхдээ вакумжаад, вакумжаад. Нууцлаад нууцлаад юу л шалив гэж. Монголд ямар нууц гэж байх биш.

Харин оролцогчдын хувьд УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурваас гадна Д.Амарбаясгалан сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, байнгын хорооны дарга нар болон цөөнгүй гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр “Тэрэлжийн уулзалт” болсон талаар эх сурвалж мэдээлсэн юм.

“Тэрэлжийн уулзалт”-ын нэгдүгээр сэдэв бол ҮХНӨ байв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХНӨ-ийг энэ хавар 6 дугаар сарын 25-наас өмнө амжиж хийх. Ингэхдээ өчигдөр өгүүлсэнчлэн 76+76 буюу 152 гишүүнтэй байх. Нийгмийн эсэргүүцэлтэй тулбал тоог нь цөөлж 99 юм уу, 108 дээр барих. Цаашлаад Үндсэн хуулиндаа холимог тогтолцоогоор сонгуулиа явуулна гэдэг үг үсэг нэмэх. Харин үлдсэн бүх шийдлүүдийг нь Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиараа нарийн зохицуулъя гэсэн ойлголцолд хүрчээ.

Дээр нь нэмээд хаврын чуулганы эхэнд өрнөх улс төр буюу Ерөнхийлөгчийн хориг, өргөдлөө өгсөн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан хоёрыг гишүүнээс чөлөөлөх асуудлыг энэ баасан гарагтаа багтаж хэлэлцэх. Т.Аюурсайханыг энэ долоо хоногтоо багтааж сайдаас нь чөлөөлөх. Цаашлаад орон гарсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг яаралтай горимоор дараагийн долоо хоногт томилох уу гэдгийг хэлэлцсэн гэнэ. Шинэ сайдыг яаралтай томилж, ажилд нь оруулахгүй бол Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ дээр “чирэх” шаардлага Засгийн газарт нэн тэргүүнд тулгамдаад буй тул ойрын үед шинэ сайдыг томилох нь зөв гэдэг байр суурийг ихэнх нь илэрхийлсэн байна. Ер нь ч сайдын суудлыг олон хоногоор хоосон байлгавал эрх мэдлийн тэмцэл хурцдах нигууртай. Тиймээс удаагаад дэмий.

Мөн Тэрэлжид яригдсан өөр нэгэн сонирхолтой асуудал бол сонгуулийг ирэх намар явуулах эсэх асуудал байсан гэнэ. Олон тооны гишүүдийн нэрсийг яллагдагчаар татаж прокурорын байгууллагаас оруулж ирэх магадлалтай энэ цаг үед УИХ-ыг тарааж, сонгуулийг наашлуулах уу, үгүй юу гэдэг асуулт улс төрийн хүрээнд хариултаа халуунаар нэхэж байгаа. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар МАН-ын дарга нар сонгуулийг наашлуулах бодолгүй байгаа. Үүнийгээ ч өнгөрсөн амралтын өдрүүдэд Тэрэлжид илэрхийлцгээсэн бололтой.

Маш өргөн бүтэц бүрэлдэхүүнтэй. МАН-ын шинэ, хуучин бүх “азарган дарга” нар нь оролцож улс төрийн агуулгаа нэгтгэсэн тул Тэрэлжид тогтсон бүхэн ёсчлон биелэх нь буй за. Гэнэтийн байдлаар сонин содон үйл явц л өрнөчихгүй бол дараагийн сонгууль хүртэл МАН энэ ойлголцлоороо явах бололтой.

Г.Лхагвадорж

ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: Ирэх арваны эдийн засгийн өнгийг тодорхойлох гүний уурхайн ГҮНЭЭС
ЦУВРАЛ СУРВАЛЖИЛГА: Ирэх арваны эдийн засгийн өнгийг тодорхойлох гүний уурхайн ГҮНЭЭС
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.