Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Аварга ингэж төрсөн” ном мэндэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 19 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нарын ээж Х.Пүрэвбадамын бичсэн “Аварга ингэж төрсөн” номын нээлт өнөөдөр боллоо. Нэгэн хүмүүний амьдралын дурсамж бичвэрээс Монголын нэгэн цаг үеийн нийгмийн амьдралыг тольдох боломжийг энэ ном олгож буй гэдгийг номыг хамтран бүтээсэн “НЕПКО” хэвлэлийн газрынхан онцолж байлаа.

Нээлтийн ёслолд Ардын уран зохиолч, Азийн тэргүүн найрагч Д.Урианхай, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазар, Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо зэрэг утга зохиолын салбарынхан хийгээд Улсын заан Д.Долгорсүрэн, Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй гэр бүл, найз нөхөд нь оролцсон юм.

“Аварга ингэж төрсөн” номыг зохиогч Х.Пүрэвбадам “Энэ сайхан өдөр номынхоо нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Би Монголын нэгэн сайхан удамт гэр бүлийн галыг асааж, өрхийг татсанаас хойш 62 жил өнгөрчээ. Үр хойчдоо амьдралаа бичиж үлдээх юм сан гэх хүслээс өнөөдрийн энэ ном бүтсэн. Өөрийнхөө амьдралаар тухайн цаг үеийн тухай өгүүлсэн” хэмээн ярилаа.

Төрийн соёрхолт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо “Энэ ном бол 20 дугаар зууны сүүлийн хагасын нийгмийн толь. Уншсан хүн уйдахгүйгээс гадна тамирчин гэр бүлийн түүхийг бидний өмнө дэлгэж, тэндээс мөн өөрсдийнхөө амьдралыг унших боломжийг олгоно. Энэ ном цаашид олон хэлээр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Мөн үеэр “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг”-ээ уншиж толилуулснаас гадна Хотын дарга Д.Сумъяабазар санал тавьснаар уг шүлэг “Ижий минь урт наслаарай” гэх дуу болжээ. Дууны аяыг “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр бичсэн бөгөөд Ардын жүжигчин, дуучин А.Долгор, “The Voice оf Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням, Г.Даваадалай нарын хамт номын нээлтэд зориулан дуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан өдөр ижий минь амьдралынхаа 60 гаруй жилийн түүхийг өгүүлэх бүтээлээ нээлээ. Энэ номд бидний амьдралын өнгөрсөн түүх, өвөө, эмээ нарын минь эгэл амьдралын замналыг өгүүлсэн. Миний, бидний мэдэхгүй маш сайхан түүхийг хуваалцсан. Эхийн ачийг хариулна гэж байдаггүй. Гэхдээ ээжийнхээ ачийг хариулахыг ямагт хичээдэг. Ээж минь хичээл зүтгэлтэй, хариуцлагатай, сахилга баттай, тэсвэр хатуужилтай хүн байхыг зааж сургасан. Хүний үгийг дааж, бусдын үгийг ямагт сонсдог байхыг үлгэрлэн харуулсаар ирсэн. Ээжээрээ маш их бахархаж, баярлаж байна” хэмээв.

Номын редактораар МЗЭ-ийн шагналт зохиолч А.Амарсайхан ажилласан. Тэрбээр “Хүмүүс намайг энэ номыг редакторлаж, их ажил хийсэн гэж бодож байгаа байх. Үнэндээ ажиллах биш, үйл явдалд нь хөглөгдөн уншигч болж, редакторлах ажлаа умартаж, жаргаж уншсан. Х.Пүрэвбадам эгч төрөхөөсөө л сонин түүхтэй хүн юм билээ. Түүний аав нь Хад гээд хоёр ч кинонд дүрээ мөнхөлсөн хүн байсан. Хүүхдүүдээ эрдэм номтой хүн болгох гэж багаас нь номын мөр хөөлгөсөн. Х.Пүрэвбадам эгч ч сургуульд орохоосоо өмнө уншиж сурсан гээд маш олон сонирхолтой түүхийг энэ номоос унших боломжтой” гэлээ.

Улсын заан Д.Долгорсүрэн “Би авто тээврийн байгууллагад 28 жил ажилласан. Олон өдөр, сараар тээвэрт явна. Энэ хугацаанд хань минь л үр хүүхдээ өсгөн бойжуулж, цэцэрлэг, сургуульд нь зөөнө. Цаг хугацааны энэхэн түүхээрээ “Аварга ингэж төрсөн” гэх сайхан бүтээл төрүүлж, олны хүртээл болгож буйд нь талархаж байна. Миний дуртай спортыг маш сайн дэмжиж, ямагт ард минь бат зогсож, үр хүүхдүүдээ өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлсэн ханьдаа ямагт баярлаж явдаг. Түүнийх нь хүчинд Монгол Улсын манлай заан, Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн юм. Ханьдаа маш их хайртай, талархаж явдаг шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

“Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг”-ээр сэтгүүлч Б.Энхцэцэг тодорлоо
“Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг”-ээр сэтгүүлч Б.Энхцэцэг тодорлоо
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.