Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгчөөр Сокорро Эскаланте хэмээх хүн томилогдож Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт итгэмжлэх захидлаа гардуулжээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДЭМБ-ыг төлөөлж манай улсад суух Суурин төлөөлөгчөөр томилогдсон Др. Сокорро Эскалантед баяр хүргэж, Монгол Улс, ДЭМБ-ын үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдсан байна.
Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, Монгол Улсын төр, засгийн зүгээс хүн амынхаа эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал санаачилгууд дэвшүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд энэ хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлжээ.