ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн давхар судлаач эмч н.Оюунгэрэл "Өнгөрөгч оны 12 дугаар сараас томуу, томуу төст өвчлөлийн хэмжээ нэмэгдэж улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшин буюу гуравдугаар зэргийн түвшинд хүрсэн. Нийт амбулаторт хандаж эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн 16 орчим хувь нь томуу, томуу төст өвчин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 35 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгалгаа гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Өмнөх долоо хоногуудтай харьцуулахад өвчлөл 5-6 хувиар нэмэгдсэн.
Насны бүлгээр авч үзвэл, томуу, томуу төст өвчний улмаас амбулаторт хандаж байгаа хүмүүсийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Үүн дотроос 60 орчим хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 90 орчим хүүхэд нь 15 хүртэлх насны хүүхдүүд байгаагаас 80 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байгаа.
Энэ жилийн хувьд вирусийн орчилын хувьд өмнөх томуугийн улирлуудтай харьцуулахад онцлог ялгаатай. Улирлын томуугийн үүсгэгч буюу H1N1, H3N2, D вирусууд давхар орчилд байна. Үүний хажуугаар томуу төст буюу амьсгалын замын вирус хоёр хүртэлх насны хүүхдүүдэд хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсгэдэг. Давхар орчилын үед уг вирус бага насны хүүхдийн өвчлөлийн үндсэн шалтгаан болж байна.
Улирлын томуугийн вакцинжуулалтыг улсын хэмжээнд 50 мянга гаруй хүнд хийсэн. Үүнээс хамралтын хувь 83 орчим байгаа. Улирлын томуугаас бага насны болон архаг хууч өвчтэй 65-аас дээш насны хүмүүсээ хамгаалах хамгийн зөв арга бол томуугийн вакцинжуулалтад хамруулах байдаг. Иргэд харьяа дүүргийн эрүүл мэндийн төвд хандан вакцинжуулалтдаа хамрагдах боломжтой" гэв.
Э.Ариунтуяа