ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалт, ачаалал, вакцинжуулалт, тууралтат халдвар, салхин цэцгийн эмнэлзүй, Covid-19, хилийн тандалтын А13 тушаалын хэрэгжилтийн талаар өнөөдөр /2023.03.07/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга н.Нямсүрэн "Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Covid-19-ийн тархалт буурсан. Иймд улсын хэмжээнд ногоон түвшинд шилжиж байна.
Хятадтай хиллэдэг, хилийн боомтуудын үйл ажиллагаа сэргэсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн нэвтрэх цэгүүдэд хариу арга хэмжээ, бэлэн байдлын тал дээр ажиллаж байгаа.
Хилээр орж ирж буй хүмүүсийг, хил дээр ажиллаж амьдардаг иргэд, ажилчдыг тандалтын шинжилгээнд түүврийн аргаар хамруулна. БНХАУ-аас орж ирж байгаа хүмүүсээс шинжилгээний бичиг шаардахгүй байгаа. ОХУ, БНТУ шинжилгээний бичиг шаардахгүй байна.
Улсын хэмжээнд долоон хоногт ковид19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид ПГУ шинжилгээг хийхгүй" гэв.