Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Тодруулбал, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн явцын талаарх мэдээллийг ЭМ-ийн сайд С.Чинзориг танилцуулж зарим авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Үзлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 61.5 хувьд нь шүд цоорох өвчин илэрсэн. Энэ нь хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Ялангуяа 6-17 насны хүүхдийн шүд цоорох өвчний тархалт 83 хувьтай гарсан нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт.
65-аас дээш насны иргэдийн 90-ээс дээш хувь, 1,600 орчим жирэмсэн эмэгтэйчүүдийн 96 хувь нь шүдний цооролттой гарсан. Иймээс шүд цооролтын эсрэг арга хэмжээ авах хүрээнд эрт илрүүлэгтэй холбоотойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогод өөрчлөлт оруулж сумын анхан шатны эмнэлгүүдэд шүдний тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ. Мөн 0-17 насны хүүхдүүдийг фторт түрхлэг түрхэх арга хэмжээ авна. Ингэснээр хүүхдийн шүд цооролтоос сэргийлэх бөгөөд шаардагдах санхүүжилтийг Эрүүл Мэндийн Даатгалын Сангаас хариуцна" гэв.
Дашрамд мэдээлэхэд, дээрх үйлчилгээг энэ онд багтаан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хийхээс гадна хувийн эмнэлгүүдтэй гэрээгээр хамтарч ажиллахаар төлөвлөжээ.