Уулзалтаар, хоёр яам аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулах, Турк улсад Монголын аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төв байгуулах, Туркийн соёлын хүрээлэнг Улаанбаатар хотод, Монголын соёлын төвийг Истанбул хотод нээхээр талууд тохиролцов.
Мөн Монгол Улсын Аялал жуулчлалын төв, Турк улсын Аялал жуулчлалын хөгжлийн хүрээлэн хамтран ажиллах санамж бичгийг ирэх онд байгуулахаар боллоо.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Турк улсын Соёл аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойг 2020 онд Монгол Улсад айлчлахыг уриад, Орхоны хөндийд Туркийн түүхийг харуулсан байгалийн цогцолбор байгуулах, аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болгох, Хархорины нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход хөрөнгө оруулалт оруулахыг хүсэв.
БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсой хэлэхдээ, “Туркиш эйрлайнс” компанийн шууд нислэг нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт томоохон хөгжил авчирна гэдэгт итгэлтэй байна. Учир нь тус компани 318 хотод нислэг үйлддэг. Зөвхөн Турк улсаас Монгол руу чиглэсэн зорчигчдын урсгалаас гадна Европыг дэлхийн бусад орныг Монгол руу чиглүүлсэн урсгал нээж өгсөн гэж ойлгож болно. Дэлхийн нүүдэлчдийн наадмыг 2020 онд Турк улсад зохион байгуулах болсон. Тус наадамд Монгол Улсыг өргөнөөр оролцохыг хүсэж байна. Харин дараагийн наадмыг Монгол Улсад хийх талаар Туркийн талаас бүх талаар дэмжин ажиллах болно” гэв.
Мөн уулзалтаар хоёр улсын аялал жуулчлалын салбарын сурталчилгааг харилцан нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.