Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Төрбат: Би яг л мөрөөдлөөрөө амьдарч байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
14 минут 10 секунд

Миний мэдэх Ууганхүү бас Дүүрэн. Гэхдээ түүнийг Э.Төрбат гэдэг. "Гэнэтийн зочид" киноны Ууганхүүгийн дүрээр үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн ч "Дайрлага" МУСК-ны Дүүрэнхүүгийн дүрээр чамгүй олон хүнд ад үзэгдээд буй. Тэрбээр соёл урлагийн тэнгэрт харвасан шинэхэн од. Хошин урлагийн ноён оргил гэгдэх "Х-ТҮЦ" продакшны залуу жүжигчин түүнийг бид UBN STORY булангийнхаа удаах зочноор урьж, оюутан ахуй цагийн дурсамж хийгээд анхны тайз, анхны кино, анхны гэх бүхий л мэдрэмжийнх нь тухай хэсэг хором ярилцлаа.

-UBN story булангийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юу байна даа?

-"Х-ТҮЦ" продакшн маань хамгийн сүүлд "Зохиолгүй амьдрал" жүжгийг үзэгчдийн хүртээл болгосон. "Мартын 8"-ныг тохиолдуулан үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байгаа. Тиймээс тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд явж байна.

-"Зохиолгүй амьдрал" жүжигт цагдаагийн дүрийг бүтээх эрхэм үүргийг хэн танд олгов?

-"Х-ТҮЦ" продакшн хамгийн сүүлд тайзны тоглолт хийснээс хойш зургаан жилийн дараа, жүжиг хийснээс хойш арван жилийн дараа энэхүү жүжгээ тавьж байгаа. Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад тавигдаж байсан.

Түүнээс гадна "Х-ТҮЦ" продакшнд байсан урьдны бүрэлдэхүүнүүд нэг дор цуглаж энэхүү бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байгаагаараа онцлогтой. Азаар би яг энэ цаг мөчид "Х-ТҮЦ" продакшны бүрэлдэхүүнд байгаа залуучууд дундаасаа сонгогдоод Цагдаагийн дүрийг бүтээж байна.

Дүрээ аваад маш сайхан мэдрэмж төрсөн. Өмнө нь миний хувьд Одноо /И.Одончимэг/ эгч, Бараа /Т.Бархүү/ ах, Н.Онон ахтайгаа хамт тайзан дээр харьцаж, тоглож үзээгүй байсан юм. Олон үг, өгүүлбэр ч солилцож үзээгүй зөвхөн хамт тайзан дээр харьцаж, тоглох юмсан гэж мөрөөдөж байлаа. Гэтэл энэ жүжиг маань, энэ дүр маань надад тэр боломжийг олгосон. Миний хувьд "Х-ТҮЦ" продакшны жүжиг гэдэг бол хамгийн шилдэг нь. Тиймээс ах, эгч нартайгаа хамт тайзан дээр нэг уран бүтээлийн эд, эс болж, хамтдаа босголцоод явж байгаадаа маш их талархаж байгаа.

Би яг л мөрөөдлөөрөө амьдарч байгаа юм шиг санагдаж байна.

-Таны хувьд Х-ТҮЦ продакшны жүжигчнээр хэддэх жилдээ ажиллаж байна. Түүнээс гадна нэгэн ярилцлагадаа "Бүтэлгүй" Чинзо /Б.Чинзориг/ ах тус продакшнд орох үүдийг нээж өгсөн гэсэн байсан?

-2015 онд СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа "Х-ТҮЦ" продакшндаа орж ирж байсан. Түүнээс хойш найман жил өнгөрсөн байна. Найман жилийн хугацаанд продакшндаа тасралтгүй ажиллажээ.

СУИС-ийн жүжигчний ангийн гуравдугаар курсийн оюутнууд дипломынхоо жүжгийг эхний хувилбараар нь тавьдаг юм. Тухайн үед буюу мөн л 2015 онд би тэр жүжгийнхээ гол дүрд ажиллаж байсан юм. Гэтэл жүжгийг маань Чинзо ах ирж үзээд надтай уулзаад "Манай продакшн жүжигчин авах гэж байгаа. Чи очоод уулз" гэж хэлж байсан юм. Тэгээд би Чинзо ахтай хамт СТӨ-нд ирж уулзаж байлаа. Тэр үед манайх СТӨ-ний гурван давхарт оффисстой байсан юм. Тухайн үед надтай хамт 6, 7 жүжигчин орж байлаа.

Ах, эгч нар маань "Эхний тоглолтод бүжиглэнэ мөн туслах дүр хийнэ. Түүнийг нь харъя" гээд хамгийн анхны тайзан дээрээ гарч байсан.

-Хамгийн анх тайзан дээр гарах мэдрэмж ямар байсан бэ?

-СТӨ рүү орж ирэхээс эхлээд мөн хүүхэд байхдаа зурагтаар хардаг байсан хүмүүсийнхээ өөдөөс хараад ажлын ярилцлага хийсэн үе маань тодоос тод санагдаж байна. Бүгд анхных байсан болоод ч тэр үү бүгд л алмайруулсан.

Бүр тоглолтын бэлтгэл хийж эхлэхэд ч хүртэл бас л гайхсан, шоконд орсон. Оюутан байхдаа бэлэн жүжгийн зохиол аваад текстээ цээжилдэг байсан бол энд зохиолоо ярилцдаг, шинэ зүйл бүтээдэг, нэг гэр бүл мэт тойрч сууж байгаад ярилцдаг байсан. Энэ ч бас дахин нэг шок байлаа.

Гэтэл үүгээр ч зогсоогүй. Хамгийн анхны тоглолт эхлэх гээд хөшиг нээгдэхэд мянган хүн зааланд суучихсан байсан. Урд маань ах, эгч нар би бүр хойно, зүгээр л бүжиглэх гэж байж маш их сандарч байлаа. "Яаж энэ хүмүүс энэ олон хүмүүсийн урд 2, 3 цагийн турш хамт байж инээлгэж, уйлуулж, баярлуулж, догдлуулдаг байна аа" гээд л бодож байсан юм. Тухайн үедээ "заавал ах, эгч нар шигээ мундаг жүжигчин болно доо" гээд л бодоод өнгөрч билээ.

Ер нь СТӨ-ний хаалгаар орж ирсэн цагаас хойш л сандарсан, түгшсэн, шоконд орсон мэдрэмжүүдийг авч байлаа.

Тэр мэдрэмжүүд одоо ч хүртэл хэвээрээ. Саяхан манай "Зохиолгүй амьдрал" жүжгийн нээлтийн өдөр хөшиг нээгдэхэд хүртэл маш их сандарч байсан. Өнөөдөр тоглосон ч бас л сандарна. Алдчих вий, буруу үг хэллэг хэлчих вий, намайг дагаад бусад жүжигчид маань ч гэсэн алдчих вий гэсэн сандрал байж л байна.

-Тэгвэл хамгийн анхны дэлгэцийн уран бүтээлд гол дүр авахдаа ямар мэдрэмж авч байсан бэ. Хүмүүс ч таны "Гэнэтийн зочид" ОАУСК-д Ууганхүүгийн дүрд хайртай байдаг шүү дээ?

-"Гэнэтийн зочид" ОАУСК-д тоглохоос өмнө өөр кинонуудын арын албаны бүхий л ажилд оролцож байлаа. Тэр үедээ зөвхөн планы ард жүжиглэнэ. Одноо /И.Одончимэг/ эгч маань өөр жүжигчинд хандаж даалгавар өгөхөд нь давхар сонсоод түүнийгээ цээжилдэг байсан. Тэгээд л мотор дуугарахад би бас давхар ард нь жүжиглэдэг байлаа. Түүнээсээ ч их юм сурсан даа.

"Гэнэтийн зочид" ОАУСК бол миний гол дүр бүтээсэн хамгийн анхны кино. Гэтэл "Боловсрол" телевиз киногоо 4 талаас 4 камераар бичдэг. Би жаахан илүү хөдөлгөөн хийхээр л нөгөө камеруудаа хаагаад байсан. Түүнээсээ болоод эхний 20 хоног сайн загнуулсан. Тиймээс өөрийгөө их чамлаж байсан ч найруулагч, туслах, жүжигчид гээд бүгд надад заагаад, зөвлөөд, туслаж байсан.

Гэтэл 20 хоногийн дараа би ямар ч асуудалгүй 4 камертайгаа харьцаж ажиллаж чаддаг болсон. Ер нь хамгийн анхны киноноосоо маш их зүйл сурсан. Баярласан, айсан, өөрийгөө чамласан олон мэдрэмжүүдийг авсан даа.

-За тэгвэл хамгийн анхны эсрэг гол дүрийн тухай ярилцъя. "Дайрлага" МУСК-ийн талаар ярилцахгүй өнгөрч болохгүй байх. Уг киног үзээд сэтгүүлч миний бие танаас маш их айсан. Дүрээс тань биш гол нь танаас. Жүжигчид дотортой жүжиглэнэ гээд ярьдаг шиг та яг кинондоо дүрдээ орчихсон мэт санагдсан. Ер нь тэр дүрийг бүтээхэд ямар байсан бэ?

-Мэдээж "Дайрлага" МУСК-ны Дүүрэнгийн дүр бол миний хамгийн анхны эсрэг дүр. Ц.Хүсэлбаатар найруулагч, С.Өлзийхүү эгч хоёр маань надад итгэл найдвар хүлээлгээд хамгийн анхны эсрэг дүрийг надад өгсөн.

Үнэхээр би ч хүртэл зохиолоо аваад, уншиж үзээд их айсан. Яах аргагүй тухайн киноны гол нуруу болсон дүр. Энэ кинонд би л муу байх юм бол кино утгагүй болчих юм шиг санагдаж байсан л даа. Тиймээс "би ер нь чадах болов уу, олон киноны туршлагагүй шүү дээ" ч гэж бодож байсан.

Тэгээд л киноныхоо зурганд орсон. Хамгийн дээд хэмжээнд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн. Тэр үедээ бас өөрийнхөө нэг зуршлыг ч олоод амжсан. Тэр юу вэ гэхээр би сцень эхлэхийн өмнө дуу сонсож тайвширдаг юм билээ. Ялангуяа "Rokit Bay"-ийн нэг дууг сонсохоор л дүрдээ орчихоод байсан.

Энгийн үедээ би маш зөөлөн нүдтэй байхгүй юу. "Энэ нүд хурц болох уу" ч гэж бодож байлаа. Гэхдээ зохиолоо байнга уншаад, би яг юу хүсээд байгаа хүн юм бол, би яг хаана хувирсан хүн юм бол гээд л бодож эхэлсэн. Ер нь бол эхнээсээ тийм муу хүн байгаагүй юм шиг санагдсан. Яг энэ хэсэг дээр бүх юм өөрчлөгдчихлөө, биед маань өөр хүн ороод ирлээ гэж бодож дүрээ гаргасан. Бас их зүйл сургасан кино гэж боддог.

-Уг киноны төгсгөл хамгийн өвөрмөц бас гүн гүнзгий утга агуулгатай байсан шүү дээ. Ер нь л тийм төгсгөлтэй МУСК мэдэхгүй юм байна. Киноны төгсгөл хэсгийг анх уншаад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Төгсгөлөө уншаад "Ээ яагаад" гэдэг асуулт хамгийн эхэнд толгойд буусан. Гэхдээ тэр төгсгөлийг солих гэж байсан ч би албаар битгий солиорой гэж найруулагчаасаа гуйсан юм. Нэгэнт л үзэгчдэд үзэн ядагдах гэж, муу хүнээр төсөөлүүлэх гэж байгаа бол яг тэр төгсгөлөөр төгсгөе гэж бодсон. Найруулагч маань ч мөн адил тэгж бодсон байх.

Гэхдээ тун удахгүй "Дайрлага" МУСК-ийн II анги гарах гэж байгаа гэдгийг энэ ташрамд дуулгая.

-Уран бүтээлийх нь талаар хэсэг хором завсарлаад сурагч насных нь тухай ярилцъя. Таныг арван жилдээ сургуулиасаа хөөгдөж байсан гэж сонссон юм байна?

-Хүүхэд байхдаа би учир зүггүй сахилгагүй хүүхэд байгаагүй. Бас учиргүй даруухан, ноомой хүүхэд ч байгаагүй. Ямар хүмүүстэй яаж харьцах, яаж хөгжилдөх, ямар үед чимээгүй байх, хэнтэй байхдаа нээлттэй, хэнтэй байхдаа үгээ цэгнэдэг байх ёстой вэ гэдгээ сайн мэддэг хүүхэд байсан.

Гэхдээ маш их хэрэг тарьдаг байсан. Би Толгойтын 42 дугаар сургуулийг төгссөн юм. Есдүгээр ангиа төгсөөд аравдугаар ангид орж чадаагүй намайг сургуулиас хасчихсан. Хүмүүжлийн доголдолтой хүүхэд гээд.

Яагаад тийм үйл явдал болсон бэ гэхээр би үсээ ургуулдаг, багш нар үсээ засуул гэхээр засуулдаггүй, хичээлийн дүрэмт хувцас өмсдөггүй сурагч байсан. Гэтэл одоо бодоод байхад тэр дүрэмт хувцсыг өмсөж байхгүй яав даа, багш нарынхаа үгэнд орохгүй яав даа гэж боддог.

Сургуулиасаа хөөгдсөн маань муу зүйл шүү дээ. Түүнийг дуурайж болохгүй шүү гэж дүү нартаа захъя. Мөн хамгийн дурсамжтай, хамгийн сайхан цаг мөч бол арван жилийн сурагч байсан үе маань юм билээ. Тиймээс багш нарынхаа хэлсэн үгийг сайн сонсоод, үгэнд нь орж байгаарай.

-Тэгвэл насанд хүрсэн хүн ямар зарчимтай байгаасай гэж та хүсдэг вэ?

-Ах, дүү, найз нөхөд, хайр дурлал гээд хүний амьдралд тохиох бүхий л холбоонд үнэнч байгаасай гэж хүсдэг. Тэр ч утгаараа миний амьдралдаа баримталдаг зарчим бол ХҮНДЛЭЛ. Нэг насаар ах бол ах, дүү бол дүү.

Зарим хүмүүс анх танилцаж байхдаа ах аа, эгч ээ гэж дуудчихаад өөрийнх нь карьер, нэр хүнд өсөхөөр хүндлэхээ больчихдог. Хүндлэлээ мартчихдаг. Нэгэнт л ах гэж дуудсан бол ах аа гэж хүндлэх хэрэгтэй. Хүн худлаа байж болохгүй. Яг ямар байсан, яг түүгээрээ байх л хамгийн сайхан.

Гэхдээ би өөрийгөө энэ зарчмаа яс баримталж байгаа үгүйгээ сайн хэлж мэдэхгүй. Харин миний ойр дотны хүмүүс, ах, эгч нар маань Төрөө /Э.Төрбат/ ийм зарчимтай хүн. Үүнийгээ чанд сахиж байна гэж надад дүгнэлт өгдөг байх гэж боддог.

-Ярилцсанд маш их баярлалаа.

ТОДРУУЛГА: Өнөөдрийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаад байна
ТОДРУУЛГА: Өнөөдрийн байдлаар 200 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг суулгаад байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.