Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Моондой: Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжид тусгасан асуудлуудыг холбогдох хуулиудад тусгах саналаа хаврын чуулганаас өмнө боловсруулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 16 секунд

Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийг өнөөдөр (2023.02.17) Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондойгоос тодрууллаа.

-Дөнгөж сая “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын санал асуулгыг нэгтгэж, Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ зөвлөмжид ямар асуудлуудыг тусгасан бэ?

-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл явц амжилттай явагдаж дууслаа. Монгол Улсын Үндсэн хуульд ард түмэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдээс Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан 22 асуултаар санал асуулга явуулсан. Хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, улс төрийн намууд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Зөвлөлдөх зөвлөл 22 асуулт тус бүрээр зөвлөмж гаргаж, Улсын Их Хуралд өргөн барилаа. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд баялгийн сангийн асуудлыг түлхүү хөндөж байсан. Тухайлбал, бид ирээдүйн үр хойчдоо баялаг үлдээх үү, эсхүл баялгаас олсон хөрөнгийг үлдээх үү гэдэг асуудлыг хөндсөн. Мөн төрийн бүх шатны сахилга, хариуцлагыг чангаруулах асуудал хамгийн их саналтай байлаа.

Иргэдээс жендэрийн асуудалд төрийн бодлого дутагдаж байгааг хэлж байна. Бид жендэрийн асуудлыг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд түлхүү анхаарч, ярьж байсан бол ард нийтийн санал асуулгаар эрэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой байлаа. Тухайлбал, хөдөө орон нутагт охид, эмэгтэйчүүд нь сургуульд сураад явчихдаг учраас гэр бүлгүй залуучууд ихэссэн. Нөгөө талаар багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэр дундаа эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй байгааг санал асуулгад оролцсон иргэд хөндөж тавьсан байна.

-Зөвлөлдөх зөвлөл 22 асуулт бүр дээр гаргасан зөвлөмжөө Улсын Их Хуралд өргөн барилаа. Одоо Зөвлөлдөх зөвлөл ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Хуулийн дагуу Зөвлөлдөх зөвлөл гаргасан зөвлөмжөө өргөн барьсан. Одоо энэ зөвлөмжийг төрийн бодлого, шийдвэрт тусгах ёстой. Улсын Их Хурлын даргаас зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжид тусгасан асуудлуудыг холбогдох хуулиудад тусгахад хамтран ажиллах саналыг тавьсан. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд ажлын хэсгүүдэд хуваарилагдан ажиллаж, Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө санал боловсруулахаар болсон.

-Үндсэн хуулийг шинээр батлах асуудлыг зөвлөлдөх санал асуулгын асуултад оруулж, иргэдээс асууж шийдүүлэх гээд байна гэсэн олон нийтийн ойлголтод та ямар хариулт өгөх вэ? Ийм асуулт байгаа юу?

-Шинээр Үндсэн хууль батлах энэ тэр гэх мэт асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор байхгүй. Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийнхаа талаар л асуулт оруулсан. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа. Уг тогтоолд, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдээсээ санал асууж, зөвшилцөхөөр тусгасан. Түүнээс биш Үндсэн хуультай ямар ч хамаагүй.

-Зөвлөлдөх санал асуулгын хоёр үе шат өндөрлөлөө. Та хоёр шатны зөвлөлдөх санал асуулгын явцыг хэрхэн дүгнэх вэ?

-Зөвлөлдөх санал асуулга бол иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм. Сая хоёр өдрийн турш оролцогчид яг л Улсын Их Хурлын гишүүд шиг байсан шүү дээ. Улсын Их Хурлын гишүүдийн ажлын өрөөнд, Байнгын хорооны хуралдааны танхимуудад хуралдаж, асуудлаа тодорхойлж, санал бодлоо илэрхийлсэн. Үндсэн хуулийн агуулгаараа зөвлөлдөх санал асуулгын үйл явц бол төр, ард түмний хоорондын харилцааг ойртуулсан, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн маш чухал үйл явдал болсон. Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо зохион байгуулалт сайтай, шуурхай ажилласан гэж дүгнэж байгаа. Зохион байгуулалтын чимхлүүр ажлыг сайн гүйцэтгэсэн. Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комисст хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн. Цаашид төрийн үйл хэрэгт ард түмнийг оролцуулдаг ийм механизмыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Төрийн золголт боллоо
Төрийн золголт боллоо
 
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Улс тунхагласны барилдаанд О.Хангай, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.