“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийг 2010 онд макро түвшинд Монгол Улсын нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор байгуулсан. Тус ашгийн бус байгууллага 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварын индексийг гаргах болжээ. Ингэснээр улс орныг бодлогын түвшинд хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг суурь судалгаа болох учиртай байсан юм. Гэвч Монгол Улсын Засгийн газар төсөв батлахдаа өмнөх оны аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд суурилан дараа жилийн төсөв, тухайн аймгийн орон нутгийн нөхцөл байдалд тусгайлан дүгнэлт хийхгүй байна гэж хэлж болохоор байгаа юм. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд дээрх байгууллагаас гаргасан “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ”, Монгол Улсын Төсөв, тэдний хооронд анхаарал татсан зарим баримтыг харьцуулж үзье.
Баримт–1
“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн хамгийн анхны судалгааны “Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ”-нд Дундговь аймаг 2012 онд 21 аймгаас сүүл мушгиж байжээ. Гэтэл энэ байдал 10 жилийн дараа ч өөрчлөгдсөнгүй. Өнгөрсөн жилийн тайланд тус аймаг сүүлд байсаар байна. Мөн зарим аймгийн үнэлгээ харин ч буурчээ. Завхан аймаг 100 хүртэлх үнэлгээнээс 2012 онд 51.86 байсан бол 2022 онд 45.14 болсон байх жишээтэй.
Баримт–2
Сүүлийн гурван жилийн хугацаанд Булган, Завхан, Дундговь аймгууд байнга хойгуур байранд жагссаар ирсэн. Гэтэл тэдний төсөв дараагийн жилүүдэд нэмэгдсэнгүй. Булган аймгийн хувьд өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2020 онд 28 оноотой болж, судалгаа хийгдсэн хугацаанд хамгийн муу хоёр үзүүлэлтийн нэгээр "шалгарав". Төсөв гэдэг бол хүн амын бодлоготой уялдсан байх ёстой. Гэвч тийм байдал ажиглагдсангүй.
Өөрөөр хэлбэл, Булган аймаг өрсөлдөх чадварын үнэлгээгээрээ өнгөрсөн 10 жилийн хугацаанд бусад аймгуудаасаа хамгийн доогуур бичигдэх үнэлгээг авч байсан. Дээр өгүүлсэнчлэн байнга сүүлийн байранд жагсаж буй нь анхаарал татаж буй юм. Нөгөө талаас Булган аймгийн төсөв жилийн жилд бага байсаар иржээ. Ийм байхад 2021 оны Санхүүгийн дэмжлэг өмнөх оныхоос даруй 300 гаран сая төгрөгөөр буурч 3.5 тэрбум төгрөг болжээ. Мөн 2023 оны санхүүгийн дэмжлэг дээр бага хэмжээтэй тавилаа гэдэг хэрүүл төсөв хэлэлцэгдэх үед гарч байлаа.
Баримт–3
Өрсөлдөх чадвар дутмаг байгаа аймгуудын төсөв, төсвөөс олгодог дэмжлэгүүд нэмэгдээгүй байхад Хөвсгөл, Ховд зэрэг дундаас дээгүүр үзүүлэлттэй явдаг аймгуудын төсөв тогтмол өссөн байх жишээтэй. Мөн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд дээрх аймгуудад өмнөх жилийнхээс даруй 2,4-3,4 тэрбум төгрөгөөр нэмж тусгажээ. Хэр өсөлттэй байгааг харуулбал:
- Хөвсгөл аймаг 2,4 тэрбум төгрөг (Нийт 9,6 тэрбум төгрөг)
- Ховд 3.4 тэрбум төгрөг (Нийт 13,1 тэрбум төгрөг)
Өөрөөр хэлбэл Орон нутгийн хөгжилд зориулсан мөнгөний зөвхөн нэмэгдэл нь зарим аймгийн Санхүүгийн дэмжлэгтэй дүйхээр байна.
Энэ жилийн аймгуудын ерөнхий төсөв урд жилүүдээс харьцангуй нэмэгдсэн. Харамсалтай нь өмнөх жилийн Өрсөлдөх чадварын үнэлгээтэй бас л авцалдаагүй байгаа юм. Цар тахлаас үүдсэн хямрал үүсэхээс өмнөх 2019 онд баталсан 2020 оны Санхүүгийн дэмжлэгийг харьцуулахад энэ жилийнх 12 гаруй тэрбум төгрөгөөр өсжээ.
Магадгүй Хөвсгөл аймаг Монгол Улсын хамгийн хүн ам ихтэй учир төсөв өндөр байхаас аргагүй гэж хэлж болох юм. Тэгвэл Хөвсгөл аймагт 2023 онд баталсан Санхүүгийн дэмжлэг нэг хүнд ногдох байдлаар авч үзвэл 162,638 төгрөг байгаа бол Хэнтий аймгийнх 272,725 төгрөг байна. Харин Булган аймгийн хувьд энэ жил дэмжлэгийн нэг хүнд ногдох мөнгөн дүн 134,838 төгрөг байна.
Ингэхээр Засгийн газар төсөв батлахдаа Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа харьцуулж харах. Дэмжлэгийн хувь хэмжээг тооцдог томьёоллоо өөрчлөх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, Засаг захиргааны нэгжийн тухай хуулиа дахин нэг анхаарах ёстой гэсэн үг юм. Тооцоо судалгаа, судалгааг илүү нарийвчилж үзэхгүй бол эрх баригч нам, хэн нэгэн бүлэг фракцаас хамааралтайгаа төсөв зөв хуваарилагдахгүй байна.