Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Минжинсор: Би урлагаас ҮХСЭН мэт л АЛГА БОЛСОН байсан юм билээ. Удахгүй шинэхэн уран бүтээлээр эргэн уулзана

Ангилал
Ubn story
Огноо
Унших
17 минут 10 секунд

Тэртээ 1990-ээд он. Монголын рок поп ертөнц ид цэцэглэж байхад хамгийн анхны охидын хамтлаг хүч төрөн гарч ирсэн нь "Спайк" хамтлаг байв. Шижигнэсэн дөрвөн охин Монголын рок попын тайзнаа од болон гялалзаж, өөрсдийн гэсэн өнгө төрхөөр шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч, олон залуусын хайр хүндлэлийг хүлээсэн нь өнөөдөр ч бидний нүдэнд илхэн.

Хамгийн сүүлд гэхэд хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор "Central" телевизийн "Masked singer" шоуны тайзнаас үзэгч түмэнтэйгээ учирсан нь олон хүний гайхшрал, хайр хүндлэлийг төрүүлээд амжсан юм. Түүнийг "Нүцгэн байхыг минь битгий хараарай" "Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу" зэрэг хит болсон уран бүтээлүүдийг туурвисныг Монголчууд хамгийн сайн мэдэхийн сацуу шинэхэн уран бүтээл гаргахыг нь тэсэн ядан хүлээж буй. Тэгвэл дуучин Э.Минжинсорыг "Ubn story" булангийнхаа удаах зочноор урьж, шинэхэн уран бүтээл болон шоунд оролцсон сэтгэгдэл, хувь хүний зан төлөвийн талаар цөөн хором ярилцлаа.

-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хамгийн сүүлд үзэгч, фэнүүддээ "Masked singer" шоугаар бэлэг барьж, алмайрууллаа шүү дээ. Энэ шоунд оролцоход ямар мэдрэмж төрөв?

-Маш сонирхолтой байсан. Цагийг сайхан өнгөрүүлсэн.

-Шоуны урилгыг хэрхэн хүлээн авав. Бас хэн энэ шоунд оролцох хүсэлт тавьсан юм бол?

-"Централ" телевизийн захирал Г.Анхбаяр /Анхаа/ дүү маань надад шоунд оролцох хүсэлт тавьсан. Тэгээд шоуных нь тухай судлаад үзэхэд маш их сонирхол татсан л даа. Шоуны рейтингээрээ дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм билээ. Яг нуугдаж тоглож байгаа юм шиг санагдсан.

Биеийн ямар ч хэсэг ил гарахгүй, маскныхаа араас нуугдчихаад дуулаад л маш зугаатай байсан.

-Яг ийм томоохон хэмжээний тайзан дээр хэдэн жилийн дараа гарч байна?

-Ерөнхийдөө бол тайзан дээр гарч байгаа. Яг шоуны тайзан дээр гараагүй удсан байна. Хамгийн сүүлд гэхэд талийгч Л.Байзада ахынхаа 50 насны төрсөн өдрийн ойд очиж дуулсан, урлагийнхантайгаа уулзсан. Гэхдээ ерөнхийдөө бол тайзан дээр их гарч байгаа шүү. Хүмүүсийн урилгаар төрсөн өдрийн арга хэмжээнд очиж дуулах ч гэдэг юм уу.

-Г.Анхмаа панелист алтан базер захиалахад ямар мэдрэмж төрсөн бол?

-Г.Анхмаа панелист яг хоёр дахь дуун дээр би таньчихлаа, мэдэж байна аа гэсэн. Тэр үед нь за намайг таньчихсан юм байна даа гээд л бодсон. Яг алтан базер захиалахад нь нэг их гайхаагүй ээ.

-Үзэгчид таныг гараад ирнэ гэж огт төсөөлөөгүй байх?

-Шоу гарсны дараа сэтгэгдлүүдийг нь үзэхэд маш цөөн хүн дуучин Э.Минжинсор байна гэсэн байсан. Ихэнх нь Т.Ариунаа, И.Мишээл, Б.Маралжингоог гэж бодсон юм билээ. Намайг таасан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Та нар маань маш сайн сонсголтой хүмүүс байна лээ.

-Монголд ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Урлагийн амьдралаас гадна хувийн амьдралынх нь талаар ярилцъя?

-Яг одоо бол ээжийнхээ албыг хашаад, хүүхдүүдээ өсгөөд л байж байна даа. Ээж болохоор цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм. Нэг мэдэхэд л хүүхдүүд маань 15 нас хүрчихсэн байна. Үнэхээр хурдан юм байна.

-Таныг хоёр ихэр охинтой гэж сонссон. Охидынхоо тухай яривал?

-Охидоо долоон настай байхад нь Монголд авч ирсэн. Миний гол зорилго бол хүүхдүүдээ Монгол хэлээр яриулах, Монголоор ойлголцох байсан. Анх ирээд хувийн сургуульд сургасан. Гэвч Монголоор төдийлөн сайн ярихгүй байсан. Одоо харин өөр сургуульд сургаж байгаа. Монголоор ч маш сайн ярьдаг, найзууддаа хайртай, хичээлдээ дуртай, маш аз жаргалтай байгаа охид маань.

Хүүхдүүд тоглохдоо хүртэл их онцлогтой байдаг юм байна. Манай хоёр охин тоглохдоо камер бариад жижиг, жижиг видео хийгээд байдаг байсан юм. Нэг нь нөгөөхдөө ингэж жүжиглэ, ийм дүрд ор гэж заагаад нөгөөх нь хэлснийх нь дагуу жүжиглээд байдаг байсан юм. Түүнийг нь би ажиглаад нэг нь найруулагчийн авьяастай юм байна, нөгөөх нь жүжигчний авьяастай юм байна гээд хоёр охиндоо хэлсэн юм.

Гэтэл одооны хүүхдүүд их айхтар болжээ. Интернэтээс хайгаад өөрсдийнхөө зан, төлөвийн талаар судалсан байна лээ. Яг миний хэлснээр нэг нь жүжигчин, нөгөөх нь найруулагч гээд гараад ирсэн юм билээ. Тэгсэн охид маань "Ээж ээ та бид хоёрыг яаж ингэж мэдсэн юм бэ. Яг таны хэлснээр байна" гээд л гайхаад байсан. Мэдээж хэрэг хүүхдээ мэддэггүй ээж хүн гэж хаа байх вэ. Авьяас нь ингээд л мэдэгдээд байгаа юм.

-Тантай ярилцаж байгаагийн хувьд "Spike" хамтлагийн талаар дурсахгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

-Манай охид одоо бүгд сайхан ээж болсон. Мэргэжилдээ хайртай, дуртай хүүхдүүд байсан даа. Одоо манай Номико уран бүтээлээ хийгээд хөтлөгч хийгээд явж байгаа. Туяа маань ч Монголдоо бий.

-"Spike" хамтлагийнхан эргэн нэгдэх үү?

-Охидын хамтлаг их хэцүү шүү дээ. Цаг завыг нь тааруулахад их хүндрэлтэй. Ялангуяа эмэгтэй хүмүүс бол хэрэгцээ өндөртэй, зав багатай. Ер нь охидын хамтлагийг хөгжүүлэхийн тулд эхнээс нь маш сайн менежмент, гэрээ хийх хэрэгтэй.

-Таны хувьд шинэхэн уран бүтээлдээ хэзээ орох вэ?

-Одоо удахгүй уран бүтээлдээ орох гэж байна. Хамгийн сүүлд "Хайр хүсээ юу" гэдэг дуу гаргасан. Тухайн үедээ хит болоод чартыг тэргүүлж байсан. Одоохондоо клипгүй байгаа.

-Бага насныхаа тухай хэсэг хором ярилцъя. Багадаа ямар хүүхэд байв. Мөн таныг урлагт хөтөлсөн хүн хэн бэ?

-Хүүхэд байхад өвөө маань зурагтаар маш их гардаг байсан юм. Манай өвөө хамгийн анхны Боловсролын сайд хүн байлаа. Мөн хамгийн анхны их дээд сургууль, МУИС, МУБИС-ийг үүсгэн байгуулсан. Ширээ, сандал гээд бүгдийг нь өөрийн гараад зөөж байгуулсан хүн байдаг юм. Хүүхдийн боловсролд ч маш их анхаарлаа хандуулж, санаа тавьдаг байлаа.

Тэгээд л өвөө маань байнга телевизээр гардаг байсан нь намайг урлагт тэр дундаа олон нийтийн өмнө гарах хүслийг суулгаж өгсөн байх гэж боддог юм. Өвөө маань тухайн үед манай гэр бүлийн нүүр царай, төлөөлөл байсан бол өнөөдөр би гэр бүлийнхээ нүүр царай болоод явж байна. Тэр ч утгаараа өвөөгөө тэр талаар нь илүү дуурайсан байх.

Харин дуучин болоход маань хамгийн их нөлөөлсөн хүн бол манай эмээ. Эмээ маань мэргэжлийн дуучин хүн байсан. Циркийн хөгжимчин, гоцлол дуучин хүн байсан. Үнэхээр сайхан дуулдаг, маш үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гэвч эмээ маань төрийн хүний гэргий болсон учраас уран бүтээлээ, урлагаа золиослоод, гэр бүл, үр хүүхэд, ач, зээ нарынхаа төлөө уран бүтээлээ орхисон.

Эмээ маань намайг дэргэдээ суулгаад ардын дуу, уртын дууны нугалаа, гайхамшгийг мэдрүүлж мөн түүх соёлоо дээдлэхийг сургадаг байсан юм. Түүнээс гадна манай аав, ээж хоёрын маань авьяас намайг дуучин болоход маш их нөлөөлсөн байх.

-Хэдэн настайгаасаа эхэлж дуулж байв. Ер нь урлаг соёлын зүтгэлтнүүд багаасаа эхэлж дуулсан, урлагийн үзлэгт тасралтгүй орсон, их хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан гэгддэг шүү дээ?

-Би хоёр нас гарантай байхдаа Орос цэцэрлэгт орсон юм. Багаасаа оросоор дуулдаг, шүлэг уншдаг хүүхэд байсан. Бас бүжиглэнэ. Ангийнхнаа төлөөлөөд л урлагийн үзлэгт ордог хүүхэд байсан даа.

-Тантай хэсэг хором ярилцах төдийд л маш нээлттэй, илэн далангүй, хээгүй хүн юм шиг санагдаж байна л даа. Ер нь та ямар зан чанартай хүн бэ?

-Элдэв маяггүй, хээгүй, гүндүүгүй, эршүүд талдаа хүн шүү дээ. Гэхдээ маш даруухан. Өөрийгөө магтах юм бол нэг ийм. Харин сул тал гэвэл нэг хууртсан ч гэсэн дахин хууртах гээд байдаг, нэг алдсан алдаагаа дахин давтах гээд байдаг сул талтай. Гэхдээ өөрийнхөө сул болон давуу талыг маш их эргэцүүлж боддог.

Алдаа бага гаргах, алдаагаа давтахгүй байх, өөрийн сайн талаа улам илүү хөгжүүлэх гэж хичээж явдаг л даа.

-Таныг ид мандаж байх үедээ харь улсыг зорьсон гэж шүтэн бишрэгчид нь ярьдаг юм билээ. Ер нь яагаад АНУ-ыг зорихоор болсон юм бол. Магадгүй тухайн үед Монголын урлагийн зах зээл бага байсан байхыг үгүйсгэхгүй юм. Гэхдээ Монголдоо үлдэхээс илүүтэй гадаад руу явах сонголт нь зөв байсан гэж боддог уу?

-Тэр бол хүний хувь тавилан байх. Миний зүгээс АНУ-ын рок поп яагаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байна. Яагаад Майкл Жэйксон гоё дуу гаргаад байна, яагаад Мариан Кейри гоё дуу зохиогоод байна, яагаад тэнд рок поп хурдтай хөгжөөд байна. Тэд яг юу хийгээд, яаж сэтгээд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд байна вэ гэдгийг дотроос нь судлахыг хүссэн учраас явсан. Мэдээж сурсан, мэдсэн, судалсан.

Гэхдээ хамгийн гол нь би хоёр ихэр охинтойгоо учрах ёстой байсан учраас тэнд очсон юм болов уу гэж боддог. Яг л хоёр охинтойгоо л учрах ёстой байсан байх.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн ээж болоод ээжийнхээ зовлонг ойлгодог юм байна гэж ярьдаг шүү дээ. Та ч бас тэгж бодож байв уу?

-Энэ бол яах аргагүй үнэн юм билээ. Ээж маань дандаа хэлдэг байсан. Чи ээж болоод л намайг ойлгоно гэдэг байсан. Тэр үед нь би одоо ч гэсэн ойлгож байна гээд л хэлдэг байсан. Яах вэ залуу хүний л зан байх.

Гэтэл охидоо төрүүлсний дараа өглөө босож чаддаггүй байсан хүн чинь өглөө эрт босдог болсон, шөнийн нойрыг ч ажрахгүйгээр хүүхдээ өсгөдөг юм билээ. Түүнээсээ илүү их аз жаргалыг мэдэрдэг юм билээ. Ер нь яаж ч ядарсан хүүхдүүдээсээ л хамгийн их хайр, баяр баяслыг мэдэрдэг дээ.

-Манайхан таныг маш их санасан байж. Шоуны дараа л гэхэд маш олон хүн таныг санасан байснаа илэрхийлсэн байна лээ. Ер нь Монгол хүний ямар зан чанар танд илүүтэй сайхан санагддаг вэ?

-Монголчууд бид элэг нэгтэй, бүгд эх нутагтайгаа хүйн холбоотой. Монголчууд маань маш сайхан хүмүүс. Би өнгөрсөн намар нэг төрсөн өдөр дээр урилгаар дуулахад хоёр охин над дээр ирээд тэвэрч авснаа "Минжээ эгч ээ таныг үхсэн гэж бид нар сонслоо. Таныг чухал арга хэмжээн дээр дуулуулах гэтэл тийм мэдээ сонссон" гэсэн юм. Тэгэхээр нь би тоглоод л "Одоо ч тэгвэл мөнхөрч дээ" гээд л өнгөрсөн.

Үнэхээр миний хувьд үхчихсэн юм шиг алга болсон байсан байна лээ. "Masked singer" шоугаар эргэн ирэхэд олон хүн санасан байсан байна лээ. Сэтгэгдлүүдийг нь уншихад маш их санасан байна, огшлоо, сэтгэл догдлоод унтаж чадсангүй гэх мэт сэтгэгдэл ирсэн байсан.

Үүнээс би их юм бодсон л доо. Монголчууд бид үнэхээр урлагт хайртай хүмүүс юм байна. Миний хувьд ч байр сууриа олсон байсан дуучин юм байна. Тиймээс хүмүүс ч гэсэн намайг хараад маш их баярлаж байгаа юм байна гэдэг мэдрэмжийг авсан. Мөн та нарынхаа итгэлийг дааж амьдарна гэдэг бол маш их шалгуур. Тиймээс итгэлийг нь алдахгүйн тулд хичээнэ.

-Хүмүүс анх удаа амьдарч байгаа болохоор алдах юм их гарч байна гэлцдэг шүү дээ. Магадгүй та ч бас алдаж байсан байx?

-Алдахгүй юм шүү гэж хичээх тусам л алдчихдаг юм байна лээ. Тиймээс гаргасан алдаагаа дахин давтчихгүй, ноцтой том алдаа гаргахгүйхэн шиг, бусдад төвөг удахгүй, хохироочихгүй байх юмсан гэж боддог доо.

-Та өнөөдрийг хүртэл ямар зарчмыг баримталж ирсэн юм бэ?

-Манай эмээ маш зарчимч хүн байсан. Харин өвөө маань сурган хүмүүжүүлэгч хүн байлаа. Тиймээс эмээ маань өвөөтэй хамт амьдраад хүүхдүүдийн онцлог, авьяас чадварыг сайтар анзаардаг болсон байсан.

Тухайлбал, эмээ маань намайг дэргэдээ суулгачихаад шанзаа тоглоод өдөр болгон дууны хичээл ордог байсан. Тухайн үедээ би өөрийгөө дуучин болно гэж огт мэддэггүй байсан бол эмээ маань мэдэрсэн байна лээ.

Харин эгчид маань оёдлын машинаар юм оёхыг заадаг байсан. Эгч маань загварын ертөнцөд илүү хоббитой. Түүнийг нь ч мөн мэдэрсэн байсан юм билээ. Надтай бол хэзээ ч ийшээ суу, энийг ингэж оёно, ингэж эсгэдэг гэж зааж байгаагүй хэрнээ манай эгчид юм оёохыг заадаг. Гэхдээ эгчид бас дуу хэрхэн дуулахыг заадаггүй байсан. Эмээгийн маань хүмүүжил бол маш хатуу зарчимтай байсан.

"Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ", "Хумсалсаар, хумсалсаар хулгайч" гэдэг үгийг ягштал цээжлүүлдэг байсан. Гэвч би одоо л эдгээр үгсийн утгыг ойлгож байна. Хүний юманд дураараа хүрч, авч болохгүй, худлаа хэлж болохгүй, хүн хуурч болохгүй гээд л маш их анхааруулж, зүйр үгсээр сургадаг байсан нь далд ухамсарт маань суучихсан юм билээ. Тиймээс эмээ өвөөгийнхөө, аав, ээжийнхээ хүмүүжлээр, зааж сургасан дэг жаягийг өнөөдрийг хүртэл барьж явж байна даа.

-Ярилцсанд маш их баярлалаа.

Аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа мужийн барилгын 90 орчим хувь нь нурсан байна
Аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа мужийн барилгын 90 орчим хувь нь нурсан байна
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.