Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Х.Баттулга хохирогчийн дүрд л тоглосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
27 минут 28 секунд

Өнгөрөгч өдрүүдэд Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол зохион байгуулагдсан. Сонсголын үйл явц, үр дүн түүнчлэн олон нийтийн анхаарал татсан зарим зээл, санхүүжилттэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, тус түр хорооны гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

-Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол гурван өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сонсголын онцлог юу байсан гэж харж байна. Мөн Түр хорооны гишүүний хувьд ямар дүгнэлттэй үлдэв гэдгээс яриагаа эхэлье?

-Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтын ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Сонсгол бол нотлох баримтын хүрээнд шинжээчид, хөндлөнгийн экспертүүдийн цуглуулсан мэдээлэлд үндэслэн УИХ-ын гишүүд асууна. Нөгөө талдаа гэрчээр дуудагдсан төрийн өндөр албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид түүнд хариултаа өгдөг л сонсгол. Ямар нэгэн бодлогын мэтгэлцээн биш. Сайн, муу, сайхан, муухай ажил хийсэн байна аль эсвэл та гэм бурууртай гэж буруутгадаг ч зүйл биш.

Сонсголын эхний өдөр ХБ-ны охин компаниудаар дамжуулан олгогдсон санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Хоёр дахь өдөр нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг авч хэлэлцсэн. Харин гурав дахь өдрийн тухайд бидний сайн мэдэх улс төрд нөлөө бүхий гэрчүүд оролцсон томоохон хэмжээний бүтээн байгуулалтад зарцуулсан санхүүжилтийг хэлэлцсэн юм. Маш олон баримт материалуудыг нотлох баримтын хүрээнд цуглуулсан. Гэрчүүдээс мэдээлэл авсан. Энэ удаагийн сонсголын нэг авууштай зүйл нь өмнө дуудаад ирдэггүй байсан, ямар нэгэн шалтгаанаар боломжгүй гэх хариу өгсөн улс төрчид сонсголд сайн хамрагдлаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд, холбогдох яамдын сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж мэдээллээ өгсөн.

-УИХ, ЗГ-аас байгуулагдсан хоёр ч Ажлын хэсгийн тайлантай та бүхэн танилцсан. Энд гол яригдсан зүйл нь 2016 оны Ажлын хэсгийн дүгнэлтээр Хөгжлийн банкны зээл, дотоод алдаа зөрчил хэдийнэ илэрчихээд байхад түүнийг нууцалсан, 2020 онд ЗГ-т холбогдох дүгнэлтээ танилцуулаагүй зэрэг асуудлууд байлаа. Та ч үүнд нэлээн шүүмжлэлтэй хандсан?

-Тийм ээ. Өмнөх 4-5 удаагийн ЗГ болоод холбогдох шатны ажлын хэсгүүдийн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч нар өөрсдөө танилцуулсан. Энд нэг л зүйл байгаа. Сүүлийн долоон жилийн хугацаанд ажлын хэсгүүд Хөгжлийн банкийг хянаж шалгаад, судлаад дүгнэлтээ гаргачихсан. Дүгнэлтүүд нь өөр хоорондоо маш ижил. Тэнд хулгай, сахилга батгүй байдал, үр ашиггүй санхүүжилт байна гэдгийг гаргаад ирчихсэн. Гэтэл шалгалтын үр дүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүйд л бүх учир байгаа юм. Хариуцлага хүлээсэн албан тушаалтан, зээлээ төлсөн зээлдэгч ч маш ховор байсныг харсан байх.

Тэгэхээр эрх барьж байсан хоёр нам бөмбөгөө шидэлцээд, улс төржүүлээд үр дүнд нь нөгөө Хөгжлийн банк чинь 2016 онд зөрчлөө бүрэн арилгаад “эрүүл болох” боломжтой байсан атал энэ байдалд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингэж явсаар Хөгжлийн банк нь хоёр их наядын алдагдалтай, банк нь банк биш болчихсон байна шүү дээ.

Энд өөр нэгэн зүйлийг хэлмээр байна. Сонсголд гэрчээр оролцсон Монголбанкны Ерөнхийлөгчийн тайлбар их сонин байсан. Тэрбээр “Хөгжлийн банк банк биш байсан, зүгээр л Засгийн газрын дэргэдэх мөнгө тараадаг агентлаг байсан. 2016, 2017 онд банкны лиценз өгөөд банк болгосон юм. Түүнээс өмнө ЖДҮ сантай адилхан дарга нар шийдээд түүнийх нь дагуу мөнгө өгдөг агентлаг байсан шүү” гэх мэдээлэл өгсөн л дөө. Бас нэг сонирхолтой зүйл нь 2016 оны шалгалтын дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар нууцалъя гэдэг шийдвэр гарсан явдал. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан, хөрөнгө оруулагч нарт буруу мэдээлэл өгөхгүйн тулд нууцалсан юм гэж тухайн үеийн Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн мэдэгдсэн.

2016 онд шийдэх зүйлийг нууцалж явсан, арга хэмжээ аваагүй. Үр дүнд нь Хөгжлийн банк нь хулгайдаа эзлэгдсэн, эрх мэдэлтнүүд нь дураараа дургисан байна.

-Үүнээс гадна та төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт дээр улс төрчид ХБ-ны санхүүжилтээр тойргуудаа “усалсан” гэх байр суурийг их илэрхийлнэ лээ?

-Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслийг санхүүжүүлэх хүрээнд ХБ гаднаас 5.6 их наяд төгрөгийн эх үүсвэр татсан байгаа юм. Зээлийн эх үүсвэрээ босгохдоо гаднаас арилжааны нөхцөлтэй, өндөр дүнтэй вальютын зээл авсан. Гэтэл тэр мөнгөөрөө төсвийн шинж чанартай баахан ажил санхүүжүүлчихэж. Наадмын талбай ч барьчихсан байх жишээний. Энэ 3.1 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт нь буцаагаад нэг ч төгрөг улсын төсөвт, эдийн засагт өгөхгүй. Улсын төсвөөс гээд хаачихсан. Нөгөө мөнгийг нь улсын төсвөөс төлж байгаа байхгүй юу.

Гэтэл ийм сайхан хөрөнгө оруулалт хийсэн гээд тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаяр нь, хоёр жил хийгээгүйгээрээ маш их ажил хийсэн гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь, ийм сайхан аж үйлдвэрийн парк, төмөр зам барих гэтэл та нар мөнгө өгөөгүй гээд Х.Баттулга нь яриад сууж байна. Сайхан бүтээн байгуулалт барьж болно. Гэхдээ одоо тэр мөнгийг хэн төлөх юм бэ гэхээр хэн ч хариулахгүй. Хандлага нь улсын төсвөөс л төлнө гэдэг. Гэтэл тэр нь өнөөдөр өр болоод л яваа. Хүмүүс төлөгдсөн гэж андуурч байж магадгүй.

2012 оны Чингис бондын 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай, нэг тэрбум ам.долларыг 10 жилийн хугацаатайгаар 2022 онд төлж хаасан. Хаахдаа дахиж бонд босгоод өрийг өрөөр санхүүжүүлсэн. Түүнээс биш төсвөөс бүсээ чангалсаны хүчээр бид төлчихсөн зүйл биш. Одоо болтол тэр өр явж л байна.

Хатуухан хэлчихье. Архангайгаас авхуулаад Увс аймаг гэх мэтээр нөгөө Бондын зөвлөлийн гишүүд нь өөр өөрсдийн тойрогтоо очоод гудамж талбайгаагаа янзалчихсан. Бодит байдал нь энэ шүү дээ. Сайншандын аж үйлдвэрийн парк цаасан дээр үлдсэн, барьсан гээд байгаа төмөр зам нь мухар. Н.Алтанхуяг сайдын яриад байгаа үйлдвэрүүд хаана байна. Тэгэхээр үе үеийн Засгийн газар ажил хийхийн тулд гаднаас өндөр хүүтэй зээл аваад хийдэг байж.

Макро эдийн засгийн ойлголт байхгүйгээр хүчилж ажил хийсэн болдог байдал чинь эргээд эдийн засгаа чирээд унагачихсан байна гэдгээ эрхэм улс төрчид ойлгох хэрэгтэй гэж хэлмээр байна.

-ХБ анх байгуулагдаж байхад мэргэжлийн багийг нь Солонгосын ХБ-ныхан удирдахаар ирэхэд нь Засгийн газар хөөгөөд явуулчихсан-

-Анхнаасаа эрсдэлтэй, ТЭЗҮ байхгүй, зөрүүтэй, хувь эзэмшигч нь чанаргүй зээлийн үлдэгдэлтэй тэр бүү хэл ХБ-ны зорилгод хамаатах уу гэмээр ч төсөл хөтөлбөрүүдэд хүртэл зээл олгочихсон байдал харагдсан. Ингээд харвал улс төрчдөөс гадна ХБ-ны удирдлагууд, албан тушаалтнууд дээр асуудал яригдах юм биш үү. Тухайлбал, ТУЗ, зээлийн хороо гэдэг ч юм уу?

-Эрсдэлтэй, чанарын шаардлага хангаагүй төсөл хөтөлбөрүүдэд олгосон зээл байсан. Мэдээж эрсдэлгүй зээл гэж байхгүй. Гэхдээ маш их эрсдэлтэй төслүүдэд зээл өгсөн байна, тэнд авлигын асуудал ч байна. Хөгжлийн банк 100 хувь төрийн өмчийн компани. Төрийн өмчийн компанид ялсан нам нь томилгоогоо хийдэг. Мэргэжлийн бус нам дамжсан хүмүүс очоод самарчихсан байна.

Зүй нь, анх Хөгжлийн банкыг гаднын менежментээр явуулах байсан. Дэлхийд амжилттай яваа Хөгжлийн банкууд гаднын менежмент орж, улс төрөөс хамааралгүй, мэргэжлийн байдлаар ажиллаж байж хөл дээрээ тогтсон байдаг. Гэтэл тухайн үеийн мэргэжлийн багийг Солонгосын Хөгжлийн банкныхан удирдахаар ирэхэд нь Засгийн газар хөөгөөд явуулчихсан. Өөрсдөө шийдвэрээ гаргасан. Дарга нар нь Бондын зөвлөлөө байгуулаад, төслүүдээ яриад улсын төсөв шиг тараагаад хуваагаад явчихсан. Заримд нь бүр зураг төсөл ч байхгүй. Ямар нэгэн зах зээлийн судалгаа шинжилгээ, ТЭЗҮ байхгүй. Ийм маш олон төслүүд дээр л мөнгөө тараачихсан.

-Сонсголын үеэр Х.Баттулгын “сайхан мөрөөдлийг” л хүндэтгэсэн. Гэхдээ тэр нь бодит ажил болохуйц мөрөөдөл биш-

-Та өмнө хэлсэнчлэн энэ удаагийн сонсголд дуудаад ч ирдэггүй улс төрчид оролцсон. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Гэхдээ сонсголд оролцсон бусад гэрчүүдтэй харьцуулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай Б.Энхбаяр гишүүн та хоёрыг нэлээн зөөлөн харьцсан гэх байдлаар шүүмжлэлтэй хандах хүмүүс байна?

-Хурал даргалагч маань Ерөнхийлөгч байсан гэдэг утгаар нь хүндэтгэлтэй хандах шиг болсон. Миний хувьд ч ялгаагүй. Түр хорооны гишүүдэд нотлох баримтын хүрээнд асуух л эрх байгаа. Асуултаа аль болох хувь хүн рүү нь дайрахгүйгээр асуусан. Гэхдээ Ерөнхийлөгч маань өөрөө “Энийгээ мэдэж байгаа юу, энэ ийм байдаг юм” зэргээр иргэн Х.Баттулга биш Ерөнхийлөгч Х.Баттулга шиг л яриад байна лээ. Магадгүй олон хүмүүст Х.Баттулга чинь маш зөв ажил хийчихсэн байна гэтэл улс төрөөс болоод ажлууд нь яваагүй юм байна гэх ойлголтыг өгөхийг хичээсэн гэж харсан. Харагдах байдлаар хичээл заагаад ч байгаа юм шиг. Тийм зүйл байхгүй. Х.Баттулга гэж хүнээр хичээл заалгаад сууна гэж юу байх вэ дээ.

Гэхдээ тэр хүний сайхан мөрөөдлийг хүндэтгэсэн. Даанч бодит байдал дээр ажил болох мөрөөдөл биш байсан. Тийм болохоор л нотлох баримтын хүрээнд асуусан. Энд нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй. Тэр хүн мөрөөдөлтэй байж болно. Гэхдээ бодит байдал дээр ажил болсон зүйл алга. Эргээд хэрэгжүүлсэн төсөл байна уу гэхээр төмөр зам барьсан гээд байгаа. Гэтэл төмөр зам нь мухар. Доллар олж ирээгүй, харин доллар орж ирэх боломжийг арван жил хаачихсан.

-Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг татан буулгаж болохгүй, гаднын хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулах ёстой гэх байр суурийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга бас илэрхийлсэн?

-Аж үйлдвэрийн парк байгуулна гэдэг гоё сонсогдож байж болно. Тухайн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн зах зээл нь хаана юм бэ гэхээр Хятад гээд байгаа. Тэгсэн мөртлөө Хятад муухай, Хятад руу баялгаа өгөхгүй гээд ууттай элс цоолоод л, олон чиглэлээр төмөр зам тавьбал баялаг маань урсаад гарчихана гээд монголчуудад ойлгуулчихсан хүн нь өөрөө шүү дээ.

Тэгсэн сонсголоор “Бид баялагаа Хятад руу л гаргана шүү дээ” гээд сууж байгаа нь сайн. Гаднын хөрөнгө оруулалт байхгүйгээр энэ төслүүд явахгүй, тиймээс гаднын хөрөнгө оруулагч нараа дуудах хэрэгтэй гэж ярьж байгаа нь олзуурхууштай. Гэтэл өмнө нь зөвхөн монголчууд ялна гээд гаднын хөрөнгө оруулагчдыг хөөдөг л Ерөнхийлөгч байсан шүү дээ.

Үйлдвэр барьж болно. Кластерийг би дэмжиж байгаа. Гэхдээ ямар үйлдвэр барих вэ гэдэг чухал. Бүгдийг нь овоолоод урагшаа гаргаад бүтээгдэхүүнээ заръя гэвэл Хятад авах уу. Хятад чинь өөрөө үйлдвэрээрээ өрсөлдөхөд өрсөлдөгчгүй улс. Тэгэхэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Хятадад зарна гэхээр би бол эргэлзээд л байгаа. Ядаж төмөр замыг нь хувийн сектор хийх гэж байсныг зогсоогоод төр авчихсан. Үр дүнд нь ковидын үеэр нүүрсээ зарах боломж байсан ч алдсан. Монголчууд тэнэг биш шүү дээ. Хэн ууттай элс цоолоод болохгүй гээд гацаагаад байлаа.

Тэгэхээр эндээс экспортлоод мөнгө олдог төслийг л санхүүжүүлэх хэрэгтэй. Хятад нь байна уу, Солонгос нь байна уу хамаагүй. Гадаад зах зээл рүү зарагдах ёстой. Гадаад вальют олох төслийг л бид санхүүжүүлэх ёстой. Тэгэхээр бүх зүйл бодитой байх ёстой. Мэдээж хувийн хөрөнгө оруулалт орж ирснээр бодитой болно. Гэтэл төрөөр дамжуулж хийсэн төслүүд дээр хувийн хөрөнгө оруулалт нэг ч байхгүй. Хэрэгжих боломжгүй, эрсдэлтэй, ашиггүй учраас хэн хөрөнгө оруулах юм бэ.

-Х.Баттулга ХБ-ны сонсголоор дөрвөн ч зээлийн асуудалд гэрчээр дуудагдлаа. Гэхдээ хоёр дахь сонсголд биечлэн ирж оролцлоо?

-Нүүрсний сонсгол болохоос хоёр өдрийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хилээр гараад явсан. Ирээгүй. Дараа нь хувь хүнтэй нь холбоотой Пирамид орд, Шинэ яармаг хорооллын төслийн асуудлаар гэрчээр дуудахад ирээгүй. Учир нь тэр нь нотлох баримтын хүрээнд нотлогдчихсон асуудал байхгүй юу. Гэтэл өчигдөр гэнэт гараад ирлээ. Өөрийнх нь сайд байх үед төмөр замын бүтээн байгуулалт болоод Сайншандын АҮП асуудалтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хувь хүнийх нь биш сайд байх үеийнх нь асуудал.

Сайд байх үедээ Х.Баттулга өөрөө гарын үсэг зураагүй. ТНБД, удирдлага дор нь ажиллаж байсан бусад хүмүүс л гарын үсэг зурчихсан байхгүй юу. Тийм асуудал дээрээ ирээд “Би ямар ч буруугүй, би их ажил хийсэн хүн” гэдэг байдлаар хохирогчийн дүрд тоглосон. Ердөө л энэ. Дараагийн удаа нүүрсний сонсголд заавал ирээрэй гэж хүсэж байгаа.

-Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг сонсох үеэр төмөр замын солбилцол зөрсөн, мухар төмөр зам гэдэг зүйл яригдсан. Энэ тал дээр ямар асуудал үүссэн юм бэ?

-Өмнө төмөр замын солбилцол зөрүүтэй байсан байна гэдэг мэдээлэлтэй байсан. Харин сонсгол хийсэний хүчээр иргэд маань ч нэг ойлголттой боллоо. Анхнаасаа солбилцлоо тогтоогоогүй, тохироогүй байсан юм байна. Тэгээд ямар цэг дээр уулзах вэ гэдэг солбилцлоо өнгөрөгч онд л хоёр Засгийн газар тогтоосон юм байна гэдэг ойлголтыг авсан.

-Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбат гэгч нь Шинэ төмөр зам төслийн ТЭЗҮ чиглэл дэх ажлын хэсгийн удирдагч болж, өөрийн хувь эзэмшдэг “Либерти Партнерс” ХХК-аараа дамжуулаад 700 мянган ам.доллар шилжүүлсэн гэх мэдээлэл шинжээчийн дүгнэлтэд гарч ирсэн. Та энэ асуудлыг сонсголын үеэр хэд хэдэн удаа асуусан. Асуултдаа хариулт авч чадсан уу?

-Тухайн үед Барилга хот байгуулалтын сайд нь Х.Баттулга байсан. Тэр хүний шийдвэрээр ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбат гэдэг хүн томилогдсон. Ч.Ганбат нь “Либерти Партнерс” ХХК-ийн хувь эзэмшигч. Тэгээд өөртөө ажил олгочихсон. Тэгээд энэ хүнийг зөвлөхөөр авсан уу, энэ хүн чинь өөртөө ажил авчихсан байна гэж их тодорхой асуусан л даа. Х.Хаттулга Ерөнхийлөгч маань их аргатай хүн шүү дээ. “Д.Ганбат бол мундаг залуу, ажил хийлгэх гэж хичээсэн, бүтээн байгуулалт хийж байхад бүү харлуул” гэдэг байдлаар яриад байсан. Бүр жижигхэн юм битгий ярь л гээд гэсэн. Өөрөө том юмаа ярьсаар байгаад л дууссан. Асуултдаа хариулт бараг л авч чадаагүй дээ.

-Энд тохиолдол уу гэмээр зүйлс их гарсан. Жишээлбэл, Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын гүйцэтгэгчээр ажилласан Бодь Интернейшнл группийн үүсгэн байгуулагч, “Голомт”-ын Д.Баясгалантай Х.Баттулга нь “Баян Исгрийт” ХХК-д хамтран хувьцаа эзэмшдэг. Д.Баясгалан өмнөх сонсголоор ч бас хамаарал бүхий компаниараа ХБ-наас зээл авч, зээлүүдээ хаасан гэх асуудлаар яригдсан. Ер нь энэ хамааралд ямар нэгэн эрх ашгийн зөрчил байх боломж бий гэж харж байна уу?

-Нотлох баримтын хүрээнд гаргаад ирчихсэн шүү дээ. Нэлээн олон компаниуд өөрийнх нь төсөл рүү, өөр рүү нь мөнгө хийж байсан, хамааралтай компаниуд гарч ирсэн. Нотлогдчихсон. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга байна гэдэг нь нотлогдчихсон байхгүй юу. Би зөндөө олон компанитай, миний гэр бүлийг дуудлаа гээд л А гэж асуухаар Б гэж хариулаад хаагаад байсан. Бид шүүх биш. Гэхдээ нотлох баримтад түшиглэж асуусан. Хариулт нь буруу зөрүү өгөөд байна уу гэдэгт хуулийн байгууллага эцэслэж тогтоох ёстой. Баримт нь энэ байна гэдгээ олон нийтэд ил болголоо. Парламентын хүрээнд бид хийх ёстой ажлаа хангалтай хийсэн нь гэж бодож байна.

-Би С.Ганбаатартай хаана ч нүүрэлдэхэд бэлэн-

-Та өмнөх сонсголын хоёр дахь өдөр Мон Лаа ХХК-ийн зээлийн асуудалд гэрчээр оролцсон нь олон нийтийн анхаарал татсан. Тухайн үед гэнэт яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ. Таныг буруу үйлдлээ олон нийтээс оноо авах байдлаар ашиглалаа ч гэж харсан?

-“Мон Лаа” ХХК нэг ч төгрөгийн эргэн төлөлт байхгүй. Гэрчээр нэг ч хүн ирээгүй. Тухайн үеийн тайлбараар энэ зээлд холбогдох ямар нэгэн улстөрч, эрх мэдэлтэй хүн байгаа юу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь би тухайн үед шийдвэр гаргаж гэрчээр оролцохоор болсон. Яагаад гэвэл, “Мон Лаа” ХХК-д С.Ганбаатар ХБ-наас зээл авч өгсөн нь бодитой. Тэгээд зээлийн шийдвэр гарчихаад байхад материал дутуу байснаас зээл нь гарахгүй байсан юм шиг байна лээ. Зээлээ гаргаж чадахгүй байна гэж надаас тусламж хүссэн. Би ч түүнийгээ гэрчилнэ.

Энэ асуудлаар хуулийн байгууллага надаас мэдүүлэг авна гэсэн. Би дуртайяа өгнө. С.Ганбаатар гишүүн өөрөө огт уулзаагүй гээд байх шиг байна лээ. Хөтөлж очоод л намайг уулзуулсан шүү дээ. Хуулийн байгууллага нь тогтооно биз. Хаана ч нүүрэлдэхэд бэлэн.

Хоёрдугаарт, сонсголоор С.Ганбаатар гишүүнийг үйлдвэрчний эвлэлийн даргаар ажиллаж байхад аж ахуйн албаны дарга байсан хүн Хөгжлийн банкны лизингийн санхүүжилт авсан гэж орж ирсэн. Тэгэхэд тухайн компанийн хувь эзэмшил, хамаарал бүхий байдлын мэдээллийг шинжээч нар гаргаж ирсэн. Т.Доржханд биш шүү. С.Ганбаатар гишүүн Т.Доржханд л энэ мэдээллийг гаргаж ирээд байна, шинжээчид гаргаж ирсэн биш гээд байгаа. Шинжээчид н.Цогтбаяр гэдэг хүнтэй хамтарсан компанийг байгуулсан хүн бол С.Ганбаатар гишүүний эхнэр гэж тогтоосон.

-Намайг АН-ын зарим гишүүд “Т.Доржханд гишүүн ээ та наанаа суухаа больчих, та МАН-ын тайзан дээр суугаад амьдруулаад байна” гэхэд нь би оролцоно л гэсэн-

-Хоёр удаагийн сонсгол болж өндөрлөлөө. Сонсголын явцад Түр хорооны гишүүдээс идэвхтэй оролцсон гэвэл гарын таван хуруунд л нэрлэх юм байна. Олонхи, цөөнхийн төлөөлөл гэж оролцуулсан. Гэтэл сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүдийн идэвх тун сул байлаа. Нөгөө талдаа МАН-ын зарим гишүүд нь өөртэй холбоотой асуудлын үеэр орж ирчихээд бусад үед байхгүй байх жишээтэй?

-Энгийнээр хэлэхэд, Хөгжлийн банкны хулгай АН-ыг засаглаж байх үед дийлэнх нь гарсан байна. Тиймээс Ардчилсан намынхан орж ирэхгүй байх шиг байна. Намайг Ардчилсан намын зарим гишүүд Т.Доржханд гишүүн ээ та наанаа суухаа больчих, та МАН-ын тайзан дээр суугаад амьдруулаад байна гэж хэлсэн. Би сууна л гэж байгаа. Яагаад гэвэл Ардчилсан намын асуудал сөхөгдлөө гэхэд би ярих ёстой. Маргааш нүүрсний асуудал яригдана. Түүнд МАН-ын асуудал дийлэнх нь. Ялгаагүй л би сууна. Хэрвээ Т.Доржханд гишүүн ээ битгий наанаа суу гэх юм бол би сууна. Энэ миний үүрэг байхгүй юу. Учир нь би АН, МАН ч биш. Зурагт үзэд сууж байгаа иргэдийн төлөөлөл. Гурав дахь хүчин. Хяналт тавих ёстой. Тэгэхээр хэн хулгай хийсэн нь хамаагүй. Хулгай хийх болохоороо хамтраад хийчихсэн л байна. Тэгвэл би иргэдтэйгээ хамтраад дуу хоолойгоороо хяналтаа тавья л даа. Ийм л байдлаар бүх хяналтын сонсгол дээр орно.

Учир нь би энэ бүх сонсголыг өөрөө санаачилж явсан. Тухайлбал, Хөгжлийн банкны түр хороог байгуулья гэж би анх санаачилсан. Ардчилсан намынхнаар зуруулсан боловч гарын үсэг дутсан. Тийм болохоор МАН 24 хүнээр гарын үсэг зураад түүгээрээ Ж.Сүхбаатарыг даргаар нь томилоод явсан. Түүнээс биш би АН-тай тохироод Түр хороог ахлаад явья гэж анх явж байсан. Нүүрсний хяналтын сонсголыг анх санаачилж, саналаа өөрийнхөө албан бланк дээр явуулж байсан.Тэгэхээр энэ санал санаачилгуудыг гаргасан нь ХҮН нам. Ганц суудалтай.

Хэрвээ ХҮН нам байгаагүй бол энэ сонсгол хийгдэхгүй, нүүрсний сонсгол хийгдэхгүй, оффтейк гэрээ ил болохгүй. Бодитой юмыг бодитойгоор нь л хэлье. Тийм болохоор бүгдэд нь оролцоно.

-Гурав дахь сонсгол ирэх сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Та дараагийн сонсголоос ямар үр дүн гараасай гэж бодож байна?

-Гурав дахь сонсголоор бусад санхүүжилтүүд гарах байх. Мөн л нотлох баримтын хүрээнд иргэдэд тэнцвэртэй мэдээлэл өгнө гэсэн хүлээлттэй байна. Гурав дахь сонсгол хаврын чуулганы өмнө болно. Түүний өмнөх долоо хоногт нүүрсний сонсгол болно. Тухайн сонсголд олон тэрбум, их наядтай холбоотой хүмүүсийн асуудал яригдана. Хөгжлийн банк 2 их наяд. Нийтээрээ хараад жигшиж байгаа биз дээ. Гэтэл нүүрсний хулгай 40 их наяд шүү дээ. Тиймээс идэвх оролцоо сайн байх ёстой. Тэгэхээр гэрчээр дуудагдсан нөхдүүд ирэх хэрэгтэй. Нийтээрээ сонсъё. Миний хувьд ямар нэгэн хулгай, авилгад оролцож байгаагүй гэдэг агуулгаараа аль болох асуудлуудыг ил болгохын төлөө ажиллах болно. Авлигаа бууруулахгүй бол Монгол Улс хөгжихгүй гэдэг хатуу итгэл үнэмшилтэй учраас энэ сонсголуудыг санаачлаад өөрөө оролцоод, өөрөө асуугаад иргэдээ мэдээлжүүлж, зөв шийдвэр гаргаж дэмжих болов уу гэж ажиллаад байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Янжиндулам

ИНФОГРАФИК: С.Эрдэнээс хойш АН-ын даргад 22 хүн нэр дэвшсэний эцэст  Лу.Гантөмөрийг УДШ-ээс намын даргаар бүртгэв
ИНФОГРАФИК: С.Эрдэнээс хойш АН-ын даргад 22 хүн нэр дэвшсэний эцэст Лу.Гантөмөрийг УДШ-ээс намын даргаар бүртгэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.