Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг олон нийтэд танилцуулна.
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй гэж заажээ. Үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах үйл ажиллагаа үргэлжилсэн юм.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн https://meduuleg.iaac.mn/ цахим системд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн нэр дэвшигчийн мэдээллийг үндэслэн 13 нам, 4 эвсэл, бие даагч болох нийт 698 нэр дэвшигчийн ХОМ мэдүүлэх эрхийг цахим системд үүсгэснээс хуулийн хугацаа дуусахад 647 нэр дэвшигч буюу 92.6 хувь нь ХОМ-ээ гаргаж баталгаажуулсан, харин 51 нэр дэвшигч мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй байна.
Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдүүлсэн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд АТГ-ын цахим сайтад байршуулна. Тухайн нэр дэвшигчийн орлого хөрөнгийн байдалтай иргэд олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
32 дугаар зүйл.Нэр дэвшигчээр бүртгэх
32.4.Нэр дэвшигч энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй.
32.5.Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг энэ хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ
10 дугаар зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах
10.6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Авлигатай тэмцэх газарт, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд сонгуулийн хуульд заасан хугацаанд тус тус хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11 дүгээр зүйл.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах
11.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар бүртгэж, хадгална.
/Энэ хэсгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./