Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол Төрийн ордонд эхэллээ. Яг одоо 2016 онд ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 2016 оны Ажлын хэсгийн шалгалтад илэрч, хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэж үзсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "ХБ 1.1 тэрбум төгрөгийн хэвлэл мэдээллийн гэрээ хийсэн байсан. Энэ нь сонгуулийн мөчлөгтэй давхцсан. Энэ нь сонгуульд зарцуулагдсан байж магадгүй гэж үзээд хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байсан. Эгийн голын усан цахилгаан станц төслийн зардлыг хэтрүүлсэн. Ингэхдээ зөвхөн цалингийн зардалд 2.2 тэрбум төгрөгийг давхар тооцож санхүүжүүлсэн. Хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам.доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3 сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Хаан банкны зээл хүүд 6.5 сая ам.доллар зарцуулсан. Зээлийн зарцуулалтад нийцэхгүй БНХАУ-д 112 сая төгрөгөөр оюутан сургасан зэрэг үр ашиггүй зардлууд гарсныг шалгах шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөдрийн байдлаар эдгээрийн аль нь ч шийдэгдээгүй" гэв.