Монгол Улс өчигдөр /2023-02-01/-өөс эхлэн нүүрсний экспортыг уурхайн үнээр бус, хилийн үнээр худалдаалахаар болсон. Хилийн үнэ гэдэг нь уурхайгаас хил хүртэлх тээврийн зардлыг оруулсан мөнгөн дүн юм. Өмнө нь уурхайн амны үнээр зардаг байсан бол одоо тээврийн зардлыг нэмж тооцно. Өнгөрсөн жилийн IV улирлын байдлаар уурхайн амны үнэ 113 ам.доллар, хилийн үнэ 144 ам.доллар байжээ. Хилийн үнийн талаар Эрдэнэс Таван Толгой хувьцаат компани өнгөрсөн сарын 3-нд мэдээлэл хийхдээ дараах давуу талтай гэж дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
- Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ
- Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана
- Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана
- Валютын нөөц өснө
- Төсөвт төлөх татвар нэмэгдэнэ
Түүнчлэн 2011 оноос хойш олборлосон нийт нүүрснээс 9,1 тэрбум ам.доллар олох байсан ч 4,2 тэрбум худалдан авагч Хятадын талд үлдсэн. Хэрэв хилийн үнээр борлуулсан бол дээрх мөнгөн дүн Монголд орж ирэх байсан гэж ЭТТ ХК-ийн бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбат мэдээлсэн юм. Харин Хятадын тоймчид өөр байр суурьтай байна.
“Asia Times” сайтад Хятадын тоймчдын байр суурийг багцлан хүргэжээ. Тэдний үзэж байгаагаар “Монгол дотоодын нүүрсний авлигын асуудлаас үүссэн зардлыг Хятадаар төлүүлэх гэж байгаа нь шударга бус хэрэг. Хилийн үнийг ашиглаж эхэлснээр худалдан авагч манай эрх ашгийг зорчих болно. Монголын уурхайчид тээврийн зардлаа өөрсдөө шийдэх боломжтой. Тээврийн зардлыг даалгуулах гэж байгаа нь шударга бус хэрэг” гэж Фужианы тоймч үзжээ. Шандуны өөр нэг тоймч “Хилийн үнийг тогтоосон нь баялгийн давуу талаа ашиглан үнээ өсгөсөн гэж хардаж байна. Хятад ганцхан Монголоос нүүрс импортлох албагүй гэдгийг Монголын тал мэдэж байх ёстой. Хятад Австралийн харилцаа сэргэж байгаа. Монгол Улс Хятадаас хоол хүнсээ авах гэж байгаа бол тодорхой асуудалд хандахаасаа өмнө давхар давхар бодох ёстой” гэжээ.
Монгол Улс 2021 оноос Хятадын хамгийн том коксжих нүүрсний нийлүүлэгч болж Австралийг орлох болсон. 2020 онд Австралиас 35 сая орчин тонн коксжих нүүрс импортолсон нь нийт импортын 48 хувийг эзэлж байжээ. Өнгөрсөн жилийн хувьд БНХАУ 63,83 сая тонн коксжих нүүрс импортолсноос Монгол Улс 40 хувийг, ОХУ 33 хувийг, Канад 12 хувийг, АНУ 7 хувийг тус тус эзэлсэн гэж Asia Times мэдээлэв.
БНХАУ Австралид тавьсан хоригоо цуцалснаас хойш хамгийн сүүлд 80 мянган тонн коксжих нүүрсний захиалга өгчээ. Австралийн Засгийн газар Ковид-19 халдвар Хятадаас эхлэлтэй, түүнийг шалгахыг шаардсанаас болж 2020 оны аравдугаар сараас эхлэн Австралийн хэд хэдэн импортод хориг тавьсан. Үүний нэг нь нүүрсний импорт байсан. Хориг тавихаас өмнө Хятад Австралиас сар бүр 2-3 сая тонн коксжих нүүрсний захиалга өгдөг байжээ.
Сурвалж: Asia Times, SCMP