О.Мөнхжин тэргүүтэй залуус нийлж "IHC" койн гаргасан. Гэвч койн гарснаас хойш ханш өсөхгүй явсаар "шал" үнээсээ илүү доош унаж, улмаар олон хүн хохирогч болон үлдсэн. Тэд өөрсдийн насаараа цуглуулсан эд хөрөнгөө алдаж, хашаа байшингаа, унаж буй машин тэргээ ч хүртэл зарсан байдаг. Гэвч эцэст нь хөл дүүжлэх унаагүй, орох оронгүй болсон гэх хүмүүсийн тоо нэмэгдэж, хохирогчдын тоо ч өссөр байна. Гэхдээ энэ бол дан ганц IHC койнтой холбоотой бус бусад төрлийн койнуудтай ч мөн хамааралтай асуудал.
Тэгвэл койн худалдан авахаар зэхэж байгаа хүмүүст анхааруулга болох үүднээс "IHC" койноос 140 сая төгрөгөө алдсан гэх иргэн Б.Сонинцэцэгтэй ярилцлаа.
-Таны хувьд IHC койноос 140 сая төгрөг алдсан гэж байна. Яагаад энэ койныг сонгох болсон бэ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Анх 2022 оны есдүгээр сард ICH койн гарсан санагдаж байна. Тухайн үедээ хүмүүс Монгол залуу анх удаа койн гаргаж байна. Нэг койн 30 мөнгөөр үнэлэгдэж байна гээд эхний худалдан авалт хийсэн хүмүүс их хэмжээний мөнгө буцааж авна гэдэг зүйлийг ярьж байсан. Мөн алтаар баталгаажсан, ирээдүйтэй гэдэг зүйлийг эргэн тойрныхон маань ярьж эхэлсэн. Тийм учраас энэ койныг авч үзсэн.
Хамгийн анх нэг сая төгрөгөөр койн авахад нүдэн дээр өсч эхэлсэн. Үүнийг хараад итгэл төрсөн. Цаашид энэ койны ханш улам илүү өснө, бүр нэг цент хүрнэ гэдэг мэдээлэл явж байсан.
Тиймээс тухайн үед надад мөнгө байсан учраас 20, 20 саяар нийт 40 сая төгрөгөөр 6,8 төгрөг байхад нь худалдаж авч байсан. Гэвч тухайн ханш нь өглөө болох төдийд л багассаар 5 төгрөг болсон байсан. Койн гаргачдын зүгээс 5 төгрөгийг "шал үнэ" гэж хэлдэг байсан.
Тиймээс хүмүүс койны ханш унасан дээр нь авъя. Удахгүй 10 төгрөг болно гэж итгээд худалдан авалт хийж байсан юм. Гэвч ханш нэмэгдэхгүй байсаар 4 төгрөг болсон. Гэсэн ч үүнээс доош унахгүй байх гэдэг итгэлээр койн худалдаж аваад байдаг. Хэдий койн гаргасан хүмүүс худалдаж ав гэж шаардахгүй ч дахин дахин худалдан авах итгэл төрүүлдэг. Гэтэл өнөөдөр би байгаа бүх мөнгөөрөө койн авсан ч гэсэн бүхэл бүтэн 140 сая төгрөгөөр койн авчихсан бүр алдчихаад байж байна.
-Койн авсан мөнгөнийхөө эх үүсвэрийг хэлж өгч болох уу. Мэдээж хэрэг амжиргаатай холбоотой шүү дээ?
-Хашаа байшингаа 45 сая төгрөгөөр зарж, тэр мөнгөөрөө койн худалдаж авсан. Мөн аав, ээж хоёрынхоо 16 сая төгрөгөөр койн авсан. Түүнээс гадна гараараа юм оёж, булган малгай хийж зардаг байсан. Тэр мөнгө маань үндсэндээ байхгүй болсон доо.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй. Том нь оюутан хоёр бага нь сурагч.
-Койн авахад ойр дотны хүмүүс их нөлөөлсөн гэдгийг хэлж байна. Түүнээс гадна койн худалдаж авсан хүмүүс нэгдээд групп үүсгэж, мэдээлэл солилцож байсан уу?
-Миний хувьд огт хүмүүстэй харилцаж, групп үүсгэж, мэдээлэл солилцож байгаагүй. Харин О.Мөнхжингийн стори болон фэйсбүүкийн постыг нь хараад л мэдээлэл авдаг байсан. Өсөх юм байна, унах юм байна гэдэг ч юм уу. Мөн нэг жил койноо дараарай гэдэг мэдээлэл байсан. Яг түүний адилаар дарсан ч гэсэн койноо хакердуулсан байгаа.
-Ханш нь шал үнээсээ доошоо уначихсан байгаа. Гэтэл хүмүүс койны үнэ унасан дээр койн худалдаж аваад байна гэдэг зүйлийг ярьсан шүү дээ?
-Одоо ч гэсэн ханш нь унасаар л байна. Гэтэл ханш унах тусам авах ёстой гэсэн мэдээлэл явж байна. Итгэл төрүүлж байна. Одоо авбал тэдэн хүнийг урамшуулаад койныг нь гурав дахин үржүүлнэ гэдэг ч юм уу энэ мэт урамшуулал их явдаг. Тиймээс яг одоо койн авах гэж байгаа хүмүүсээ койн битгий аваасай, над шиг байдалд битгий ороосой л гэж хүсэж байна.
-Таны хувьд хамгийн анх койн гэдэг зүйлийг юу гэж ойлгож байсан бэ?
-Хүмүүсийг дуурайгаад л авч байсан. Койны тухай ямар ч ойлголт байгаагүй, зөвхөн мөнгө өсгөх хэрэгсэл л гэж ойлгож байсан.
Гэхдээ койны талаар тийм нарийн мэдэхгүй байсан ч гэсэн санхүүгийн хувьд тодорхой мэдлэгтэй байсан.
-Хууль эрхзүйн орчин бүрдээгүй юм байна. Зохицуулах, хяналт тавих газар байдаггүй юм байна. Эрсдэл өндөртэй юм байна гэдэг зүйлийг тооцоолж үзэж байгаагүй юу?
-Тухайн үедээ бол огт тооцоолж үзэж байгаагүй. Харин одоо бол өөрөө эрсдэлд орчихсон учраас эрсдэлтэй гэдгийг нь ойлгож байна. Одоо бид өглөө сэрж ирээд л дансандаа хэдхэн тоотой л үлдэж байгаа байхгүй юу. Мөнгө биш тоо л харж байна.
-Койн худалдаж аваад ашиг олж байв уу?
-Бараг л ашиг олж байгаагүй. Койноо хадгалаад ядаж л 4, 5 төгрөг болохоор нь тэр үед мөнгөө гаргаж авна гэж бодоод л хүлээгээд байсан юм. Гэтэл одоо бүр койнгүй болчихлоо.
Миний койн "Coin hub"-д байршдаг байсан. Нэг л өдөр миний койн хакердуулсан байсан. 18 сая койн алга болчихсон. Харин одоо 10 сая койн байна. 2,2 сая төгрөг гэсэн үг.
-Үүнийгээ гаргаж авах боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ өсөх юм болов уу гэж бодоод хүлээгээд байна. Ядаж 5 төгрөг болбол 50 сая төгрөгөө ч хамаагүй буцаагаад авчихъя гэж бодоод байж байна.
-Койны үнэ улам илүү унаад ямар ч ханшгүй болчихвол яах вэ?
-Тиймээс хүмүүсийг нэмж битгий койн худалдаж аваасай, хэрэв худалдаж авахыг хүсвэл сайтар судалж байж худалдан аваасай гэдгийг л сануулаад байгаа юм. Би бол нэгэнт хохирчихсон хүн.
-Өөр таны эргэн тойронд яг адилхан хохирчихсон хүмүүс бий юу. Мөн цагдаагийн байгууллагад яагаад хандав?
-Манай дүү, ажлын газрын хүмүүс гээд бүгд койн худалдаж аваад мөнгөгүй болчихсон байгаа.
Койноо алдсан маань цэвэр миний буруутай үйлдэл л дээ. Надад "Coin hub"-аас линк ирсэн. Линк дээр дарж ороод, нууц кодоо хийсэн. Удаа ч үгүй миний данснаас зарлага гарлаа гэдэг мэдээлэл ирсэн. Нийт 28 сая "IHC"-тэй байсны 10 саяар нь захиалга өгчихсөн байсан байна лээ. Тиймээс түгжигдээд үлдсэн байсан. Харин үлдсэнийг нь 100 хувь хувилаад авчихсан. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандсан.
Тиймээс энэ хулгайд алдагдсан 18 сая койн ямар данс руу орсон мөн миний алдсан гэх нийт 140 сая төгрөг хаашаа алга болсон. Яг хайчсан талаарх мэдээллийг олж өгөөч гэж хүсэж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.