Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 16-29-нд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 56, аврах ажиллагааны зургаа, нийт 62 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 78 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварч, 3.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 221, аврах ажиллагааны 33, малын гоц халдварт өвчин нэг, нийт 255 удаагийн дуудлагатай байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 6.9 хувиар буурсан үзүүлэлт. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Сэлбэ голын дагуу мөсний халиа үүсэж, тухайн орчинд амьдардаг 13 айлын хашаа руу хальж, мөстсөн нөхцөл байдал үүссэнийг тус дүүргийн Онцгой комиссоос шаардлагатай арга хэмжээг авлаа. Ус орж болзошгүй айлуудын хашаанд тулган шороон далан босгож иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан” хэмээн ярьсан. Мөн шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллах шаардлагатай байгааг онцолж байлаа.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд холбогдох байгууллагууд хамтран, нийт 656 албан хаагч, 119 автомашин 35 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 8082 толгой адууг гаргаж, адуучдын төлөөлөл 18 малчинтай уулзан, санал хүсэлтийг авч, 292 албан мэдэгдэл өгч ажиллажээ.