Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр болж хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дарга гэх Ц.Ганхуягаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, “гэрчилгээг гээгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзжээ.
Сануулахад, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуягаас Улсын дээд шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөдөл ирүүлсэн байдаг.
Уг өргөдөлд “Иргэний зориг ногоон намд 2006 оны долоодугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг гээгдүүлсэн тул Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.4-д заасны дагуу тус намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоно уу” гэсэн байсан юм.