2022 онд “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг 40 бүртгэгдэж өмнөх онтой харьцуулахад 24 нэгжээр буюу 1,5 дахин өссөн гэх харамсалтай тоон үзүүлэлт байна. Үүнтэй холбоотойгоор цахим орчинд дахь хүүхдийнхээ хэрэглээнд анхаарал хяналт тавихыг эцэг эхчүүдэд анхааруулж буй.
Энэ төрлийн гэмт хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нэгэн кейсийг хүргэж байна. Тодруулбал, Д.Г гэгч нь бага насны хүүхдүүд ихэвчлэн ашигладаг Likee аппликейшнд эмэгтэй хүүхдийн профайл зурагтай Love Love, Gelin Hatan зэрэг хаягууд шинээр нээж гэмт хэргээ эхлүүлжээ. Ингэхдээ насанд хүрээгүй охидуудтай үеийн охины дүрээр харилцан дотносож, улмаар охидын нууц яриа, эцэг эхээс далдуур нууц, дотно ярилцлага хийх сэдвээр харилцах замаар садар самуун агууламж бүхий харилцаа үүсгэж, бага насны охидын зургийг өөрийн болгон авдаг. Улмаар бага насны охидын зургийг дээрх аргаар хуурч мэхлэн авснаар үргэлжлүүлэн "Манай ахтай харилц, видео дуудлага хий, тэр хүний хий гэснийг хий, үгүй бол чиний зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд цацна, эцэг, эх, сургуулийн хүрээллийн хүмүүст чинь үзүүлнэ" гэх зэргээр дарамталж, өөрийн хуурамч хаягаас өөр ахын дүрд тоглон харилцаж, хохирогч буюу хүүхдүүдтэй видео дуудлага хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, гаж буруу үйлдэл хийсэн байна. Тухайн этгээдийн нийт 22 удаагийн үйлдэл тогтоогджээ. Шүүхээс түүнд 6 жил, 8 сарын хорих ял шийтгэсэн. Д.Г нь урьд өмнө олон удаагийн үйлдлээр бага насны хүүхдэд хутга тулган орцонд хүчирхийлж байсан, ял шийтгэл эдэлж байсан байна.