Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Амьдрал “ЗОХИОЛГҮЙ“ бас дээр нь “ХУДАЛЧ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 59 секунд

Амьдрал бол зохиолгүй. Бурхан хүн төрөлхтнийг эх дэлхий рүү илгээхдээ амьдралынх нь зохиолыг атгуулаад явуулдаггүй. Бүр заавар ч өгдөггүй. Гагцхүү сонголт хийх боломжийг л олгодог.

Миний мэдэхийн хошин урлагийн загалмайлсан эцэг гэгдэх ХТҮЦ продакшн "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжгээсээ хойш яг 10 жилийн дараа анх удаа тайзны уран бүтээлээр үзэгч түмэнтэйгээ мэндэлж буй. Гэхдээ эмнэгэлт, уянгын гэхээс илүүтэй инээдмийн, супер хэмээх тодотголтой "Зууны шилдэг инээдмийн жүжиг" болох "ЗОХИОЛГҮЙ АМЬДРАЛ" жүжгээ үзэгчдийн хүртээл болгов.

Энгийн хэрнэ ихэд тансаг чимэглэлээр тайзаа засжээ. Харин тэрхүү тайзыг авъяаслаг жүжигчид амь оруулж, алхам тутамдаа өнгө нэмсээр байв.

Жүжгийг үзсэн сэтгэгдлээ, үзэгдэл, үйл хөдлөл бүртэй нь хамт хүүрнэн өгүүлмээр байв ч олон үзэгчид үзээгүй тул нууц хэвээр үлдээе. Харин яагаад үзэх ёстойг цөөн хэдэн агуулгаар илэрхийлье.

АМЬДРАЛ ЗОХИОЛГҮЙ БАС ДЭЭР НЬ "ХУДАЛЧ"

Хүн бүр амьдралынхаа зохиолыг мөр, мөрөөр нь бичиж яваа ч хэн нэгэн гарч ирэхэд хамтдаа бичилцэж эхэлдэг.

Ноён Вильям Гаррисон азтай ч гэх үү азгүй ч гэх үү гэнэн цайлган хэрнэ, гэмгүй худалч бүсгүйтэй амьдралаа холбож, эцэс сүүлд нь өөрийн бүх зүйлээ аваад гэрээ орхин одно. Жүжгийн эхлэл ба төгсгөл хэсэг ердөө л энэ.

Амьдрал хэзээ ч хэн нэгний хэлсэн шиг мөн өөрийн тань төсөөлж, сонсож, харж, мэдэрч байгаа шиг үнэн байдаггүй. Гагцхүү үнэн, худал хоёр ээлжилсээр амьдралынхаа зохиолыг хүн өөрөө бичсээр байдаг гэдгийг зохиолын өрнөл хэсгээс мэдэрч болох.

ЭМЭГТЭЙ ХҮН "СОХОР БАС ТЭНЭГ"

Өөрийг нь орхиод явж буй эрийг авч үлдэхийн тулд эмэгтэй хүн далайг ч гаталж чадна. Ийм ч учраас эмэгтэй хүн бол тэнэг. Хайр дурлалд гүн донтсон бүсгүй хүний нүд сохордог гэдэг зүгээр ч нэг гараагүй нь энэхүү жүжгээс ч илхэн харагдана. Түүнээс гадна бүсгүй хүн боломжгүйг бий болгож, болохыг нь бүтэлгүйтүүлж чадах байгалиас заяагдсан тэр л өгөгдлийг энэхүү жүжигт энгийн бөгөөд ихэд эвлэгхэн харуулсанж.

ДУУ ХӨГЖИМ БОЛ "ГЭРЭЛ"

Жүжгийн нэгээхэн хэсэг бол дуу хөгжим. Ямар ч зохиолгүй энэ амьдралд жаахан ч гэсэн хөг эгшиг нэмдэг зүйл бол яахын аргагүй дуу хөгжим байдаг шиг уг жүжгийн нэгэн чимэг бол дуу хөгжим байв. Сэтгэл сэргээж, тайвшралыг мэдрүүлэх хөг эгшийг зөвхөн энэхүү жүжгээс үзэж болох.

ХҮҮХЭД БОЛ ЭНЭ ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН АГУУ "ХАЙР"

Хүний амьдралын бас нэгэн баяр, баясал бол үр хүүхэд. Тэр бяцхан ертөнцөөс хэр их хайр цацардагийг дан ганц ээж, аавууд мэдэрдэггүй. Харин хүн бүр мэдэрч болохыг бас хайр ямар сайхныг "Зохиолгүй амьдрал"-аас ухаарч болох юм.

ЭР ХҮНИЙ БҮХ ЗҮЙЛ БОЛ "ЭХНЭР" ХҮН

Эцэс сүүлд нь эр хүний өөрийн гэсэн цор ганц зүйл бол эхнэр нь. Даанч түүнийг эр хүн ойлгодоггүй мэт. Амьдралд нугарч, хугарч унасан ч ард нь бүсгүй хүн цайз мэт зогсож байдаг учраас эрчүүд илүү сайн явдаг гэлцдэг нь ч үнэний ортой. Магадгүй эр хүн та өөрийн гэсэн бүх зүйл тань юу болохыг одоо хүртэл ойлгоогүй бол заавал энэхүү жүжгийг үзэхийг зөвлье.

ЭЦЭС СҮҮЛД НЬ ИНЭЭД ХӨӨР, ЭРГЭЦҮҮЛЭЛ

Урлаг маш гайхамшигтай. Инээдээр хүнийг ухааруулж, эргэцүүлэх боломжийг олгож, уужирч тайвшрах мэдрэмжийг ч төрүүлж чаддаг. Бас айлгаж, баярлуулж, гуниглуулж чаддагаараа ч гайхамшигтай. Магадгүй ямар ч зохиолгүй энэ амьдралд зохиолтой бүтээлийг мэдрүүлэхийн тулд урлаг үүссэн болов уу.

Эцэс сүүлд нь гэж хэлэхэд жүжгийг үзээд инээгээд гарвал энэ энгийн л нэг инээдмийн жүжиг. Харин эргэцүүлээд гарвал энэ шилдэг жүжиг гэдгийг хэлэх байна.

ФОТО: Халиа, тошны байдал хүндэрч, шуурхай баг иргэдийг үүрч ус гаталгаж байна
ФОТО: Халиа, тошны байдал хүндэрч, шуурхай баг иргэдийг үүрч ус гаталгаж байна
 
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -11 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.