АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Туваанаас байр суурийг нь сонслоо.
Тэрбээр, "АН-ын нэр дээрээс сонгуульд оролцож, УИХ-ын мандат авсан гишүүд, мөн бүлэг АН-ын эв нэгдлийн түүчээ болж ажиллах ёстой гэсэн үүднээс эвлэрлийн ажлыг түүчээлэн оролцож байна. Энэ хүрээнд намын гишүүд, хуучин удирдлагуудаа бүгдийг нь урьж энэхүү хурлыг зохион байгуулж байна. Хурлаас тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна" гэв.
Мөн түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-21 аймаг болон сумдын гишүүд энэхүү уулзалтыг хэрхэн хүлээн авч байна. Аймгийн дарга нарын хувьд эсэргүүцэж байгаа талаар мэдээллээ?
-Эсэргүүцлийн талаарх мэдээллийг аваагүй байна. Манай нам бол анх хагараагүй байсан. Хагаралдуулсан хүмүүс нь бол эрх баригчид шүү дээ. Манай намын тамгыг санаатай болон санамсаргүйгээр хуучин ашиглаж байсан тамгыг улсын бүртгэлийн байцаагчаар хүчингүй болгож, шинэ тамга хийх шийдвэрийг өөр нэгэн байцаагчаар гаргуулж байсан.
Нэг ёсондоо эрх баригч намын халаасны байгууллага шахуу болсон төрийн бүтцийг ашигласнаас болж нам эвдрэлцэж, бутарсан мэт харагдуулж байна. УДШ нь улс төрийн намуудын хувьд бүртгэгч байгууллага болохоос намууд дотроо ямар хурал хийж, яаж шийдэхийг нь заадаг газар биш. Гэтэл ийм үйл ажиллагааг удаа даа хийж ирсэн нь харамсалтай байгаа.
-Энэ хурлын үйл явцыг харахад С.Баярцогт гэдэг хүнийг даргаараа тавьж, цаашдын үйл ажиллагаагаа явуулна гэдэг ойлголт төрж байна?
-Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг харахад намын даргыг сонгох асуудал огт дурдагдаагүй. Харин эхний ээлжинд нэгдээд хурлаа хийе, намынхаа ҮБХ-ны хуралдаанаар намын даргыг сонгох журмаа баталъя гэдэг асуудал яригдаж байгаа.
-АН-д олон жил зүтгэсэн гишүүний хувьд өнөөдрийн хурлаар ямар хүлээлт тавьж байна?
-Маш өндөр хүлээлттэй байна. Улс төрийн сонгууль урагшлах асуудал яригдаж байгаа учир цаг алдалгүй ярилцаж, асуудлаа шийдэх, эвлэрэх тал дээр илүү анхаарахыг хүсэж байна.
-Хурлын дараа бол намын даргын асуудал яригдаж эхэлнэ. Та намын даргаа ямар хүн байгаасай гэж бодож байна. Зарим гишүүдийн зүгээс заавал УИХ-ын гишүүн байх ёстой, УИХ-д сонгогдсон байх ёстой гэдэг байр суурьтай байна?
-Намын дарга сонгох журмаар батлагдсан шаардлагыг хангасан АН-ын гишүүн хэн ч болов намын даргад нэр дэвших боломжтой. Манай намын хувьд маш олон залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудаа, УИХ-ын гишүүдээс нэр дэвшинэ гэж бодож байна.
-Таны хувьд ямар шалгуур тавьсан байгаа вэ?
-АН-ыг эвтэй байлгах, эв нэгдлийг нь хангах, ард түмний хүлээлтийг биелүүлэх чадамжтай хүн даргаар сонгогдоосой гэж хүсэж байна.
-Дарга болох хүн тодорхой болчихсон. Гэтэл түүний ард МАН байна гэдэг мэдээлэл байна?
-Ийм үлгэрт итгэх хэрэггүй. Дотооддоо яаж эрүүл өрсөлдөөн өрнүүлж болдог вэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэвч дотоод өрсөлдөөн нь хэтэрчих гээд байдаг сул талтай. Түүнээс биш өрсөлдөгч намаасаа намын даргаа сонгуулчихаад сонгуульд өрсөлдөнө гэж байхгүй. Энэ бол худал.
Цаг хугацаа бага байгаа учраас бид одоо хагаралдаж суух цаг биш. Эвлэрч суух цаг.