Сүхбаатар аймагт нохойд уруулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад өөр тариа андуурч хийжээ. Үүссэн асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ. Тэрбээр "2020 оны 1 сарын 5-ны 13 цагийн байдлаар ЭМЯ-нд Сүхбаатар аймагт нохойнд хазуулсан 9 иргэнд галзуугийн вакцин хийх шаардлагатай гэх мэдээлэл ирсэн. Харин галзуугийн вакцины оронд андуурсан уу, ажилдаа хайнга хандсан уу сүрьеэгийн вакцин хийсэн ноцтой явдал болсонд харамсч, ард түмнээсээ уучлал хүсэж байна.
12 дугаар сарын 5-наас эхтэй юм байна гэх мэдээлэл цуглуулсан. 12 дугаар сарын 25-26-ны хооронд тухайн иргэд нохойнд хазуулсан үйл явдал болсон юм байна. Иргэнд галзуугийн вакцин хийдэг эрүүл мэндийн зааварчилгаа дүрэмтэй. Үүний дагуу холбогдох вакциныг хийх байсан. Гэтэл нэг хүнд хийх сүрьеэгийн вакциний доз хэмжээг хэтрүүлж хийсэн мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна. Ингэхдээ нэг иргэнд хийх сүрьеэгийн вакцины дозыг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хийсэн байна.
Урьд шөнө энэ мэдээллийг аваад хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Нэгдүгээрт, ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг ажилуулахаар явуулсан. Эдгээр иргэдэд хийгдсэн вакцины сөрөг үр нөлөө, дагаврыг тандан судалсны үндсэн дээр тогтоох, вакцин хүлээж авсан тэмдэглэл хийгдсэн эсэх, энэ төрлийн тариаг тухайн хүнд хийхдээ албан ёсны мэдээлэл өгсөн эсэхийг газар дээр нь шалгаж тогтоож дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд эмчилгээ шинжилгээний яаралтай тусламж үзүүлэх баг ажиллаж байна.
Аймгийн Засаг даргатай утсаар холбогдсон. Мэргэжлийн алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох чиглэл өгсөн. Тодруулбал, Сүхбаатар аймаг нэгдсэн эмнэлэгтэй. Даргыг нь аймгийн Засаг дарга томилдог. Иймээс ажилдаа хайнга хандаж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үйлдэл гаргасан тул ажлаас нь чөлөөл гэх чиглэл өгсөн.
Хоёрдугаарт, Эрүүгийн цагдаагийн албанд сайдын хувиар хандаж байгаа. Иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргасанд Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж өгөх хүсэлтийг ЭЦА-нд бичгээр уламжилсан. Доз хэмжээ хэтрүүлсэн тул эдгээр иргэд сүрьеэгээр өвчлөх өндөр эрсдэлтэй. Шаардлагатай тохиолдолд тухайн иргэдийг Улаанбаатар хотод авч ирж эмчилгээнд оруулна" гэлээ.