Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Даваасүрэн: Би үхэн үхтлээ байгаагаараа л байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 48 секунд

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томилсон билээ. Тэгвэл давхар дээлтэй болж байгаа гишүүдээс хамгийн их шүүмжлэл дагуулж, шуугиан тарьсан нь УИХ-ын гишүүн, ЭХ-ний сайд асан Ц.Даваасүрэн БХБ-ын сайдаар томилогдсон явдал юм. Тиймээс түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та намын нөхдөөсөө ч, Ерөнхий сайдаас ч дэмжлэг авч Барилга хот байгуулалтын сайдаар томилогдлоо. Энэ шийдвэрийн өмнөх нь та надад сайд болох санал тавиагүй учраас мэдэхгүй юм гэж хариулж байсан. Үйл явдал таны хувьд гэнэтийн болж өрнөв үү. Аль эсвэл?

-Тиймээ. Надад УЗ-ийн хуралдааны өмнөх нь сайдын санал тавьсан. Би өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан учраас Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн үндэслэл нь туршлага харсан гэж хэлсэн юм.

Ер нь бол өмнөх Засгийн газрын сайд нарын томилгооны үед Ерөнхий сайд надад санал тавьж л байсан. Та бүхэн санаж байгаа бол би тухайн үед хэлж байсан. Мэргэжлийн хүмүүст нь боломж олгоё гээд Ерөнхий сайдад талархал илэрхийлээд гарсан. Энэ удаад дахин санал тавилаа. Ерөнхий сайдын зүгээс надад хандаж "Та ийм хүнд үед хойшоо суугаад байж болохгүй шүү дээ" гэдэг зүйлийг хэлсэн.

Хоёрдугаарт, намар би сайдын саналаас нэрээ татсаны дараа нутагтаа очсон. Очиход нутгийнхан маань ажил хийх гэж төрд очоогүй юм уу гэж багагүй шүүмжилсэн.Тийм учраас энэ удаад тодорхой санал тавихад нь би хүлээж авахаас өөр аргагүй байдалд орсон юм. Яагаад гэвэл, Хар хорин хот байгуулах тухай асуудал яригдаж байна. Энэ ажлыг хариуцаж хийх, мөн өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж утааны асуудлыг шийдвэрлэхэд гол ажлыг удирдан зохион байгуулж байсан учраас гэр хорооллын төлөвлөлтийн асуудлыг одоо хариуцаж хийх шаардлагатай байна гэсэн тодорхой саналуудыг ирүүлсэн. Тиймээс үнэхээр шаардлагатай гэж үзэж, дэмжиж итгэл хүлээлгэсэн бол хийхээс яах вэ.

Гэтэл нэг ийм зүйл ажиглагдаад байгаа юм. Би байнга л УИХ дээр ярьдаг. Нэг хэсэг нь энэ сайд болохын тулд ийм зүйл ярьж байна гэж шүүмжилдэг байсан. Гэтэл тэр үед надад сайдын санал ирсэн ч би татгалзсан. Дараа нь мөн л асуудалд нухацтай хандаж шаардлага тавихад энэ сайд болж чадаагүй болохоор ингэж байна гэх байдлаар дайрч, шүүмжилсэн л дээ. Ер нь аль ч тохиолдолд дандаа л нус наах гэж оролдож ирсэн. Гэхдээ тэр бол нэг хэсэг хүмүүс.

-Таныг өмнө нь ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж чуулганы хуралдаан дээр "10 хувийн гишүүн" гэж нэрлэж байсан удаатай. Дараа нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл авлига дээр 10 хувь гэсэн "автор" зүүсэн төрийн албан хаагч хүртэл байна гэж үгэндээ хэлээд амжсан. Энэ юу гэсэн үг вэ та үнэхээр ашиг сонирхлын амбицтай хүн юм уу?

-Тэр юу гэж хэлснийг би сайн мэдэхгүй юм. Хэрвээ тийм байсан бол би өнөөдөр чуулган дээр чөлөөтэй ярьж, үзэл бодлоо илэрхийлж шүүмжилж чадахгүй байх байсан. Ц.Нямдоржийг би гарын үсэг зураад огцруулж явж л байсан шүү дээ. Энэ бол түүний зохиосон гүтгэлэг байх. Байдаг бол аваачаад шалгуулж болох л байсан. Асуудал байсан бол өнөөдрийг хүртэл намайг хуулийнхан зүгээр явуулаад байхгүй байсан биз.

-Таныг сайдын туршлага дээр үндэслэж намаас дэмжиж зүтгүүлсэн гэж ярьж байна. Шинэ салбарт орж ирээд ажлаа юунаас эхлэх бодолтой байгаа вэ?

-Надад тодорхой саналууд тавьсан. Мэдээж нэг жилийн хугацаа бага. Тэгсэн ч салбарт тулгарч байгаа асуудалд зөв чиглэлийг нь гаргаж суурийг нь тавих явдал чухал. Томоохон бүтээн байгуулалтуудыг хийхэд оновчтой бодлого тодорхойлж чиглүүлж ажиллах ёстой юм байна гэдгээ сайн мэдэж байна. Угтаа энэ хот төлөвлөлтийн ажил өөрөө маш их шүүмжлэл дагуулдаг зүйл. Тэгэхээр үүнийг цэгцлэх шаардлага байгаа гэж харж байна. Мөн би өөрөө эдийн засагч, инженер хүн. Эдийн засаг, Эрчим хүчний салбарт ч ажиллаж байсан. Товчхондоо барилга байгууламж гэдэг нь зураг төсөв. Миний хувьд зургийг нь уншиж чадна, төсвийг нь хянаж ч чадна. Тэр агуулгаар харвал барилгын салбарт ажиллахад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

-Таныг өнгөрсөн хугацаанд намынхаа үйл ажиллагааны эсрэг сөрж дуугардаг. Сөрөг хүчнээс ч илүү зарим асуудал дээр шүүмжилж ирсэн гэлцдэг. Магадгүй одоо сайдаар томилогдоод давхар дээлтэй болчихоор намдаа амаа үдүүлчих юм биш биз гэсэн олон нийтийн хардлага байна?

-2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдсэн. Тэр хуулийг ганц эсэргүүцэж зогссон хүн нь би шүү дээ. Тухайн үед би Эрчим хүчний сайд байсан. Тэр л намайг илэрхийлэх баталгаа юм даа.

-Цаашдаа ч намынхаа шударга бус үйл хэрэгтэй тэмцэж дуугарах уу?

-Би үхэн үхтлээ байгаагаараа л байна.

Ярилцсанд баярлалаа

Баабар: Ерөнхий сайдыг дөрвөн мөчөө өргөөд дэмжье. Эх орныг минь хулгайчдаас салгаж өг
Баабар: Ерөнхий сайдыг дөрвөн мөчөө өргөөд дэмжье. Эх орныг минь хулгайчдаас салгаж өг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.