Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, иргэдийн хяналтад оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2023.01.04) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолуудаар иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэн бүрд 1.5 сая төгрөг олгох арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэх, 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга, “ҮЦТТТХТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт тус тус даалгасан. Тус тогтоолын дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК /хуучнаар/ нь иргэдийн бүртгэлийг баталгаажуулан дуусч, иргэдэд үнэт цаасны данс нээсэн боловч тус компанитай “Эрдэнэс Тавантолгой” ХК нь холбогдох журмын дагуу үнэт цаас хадгалуулах гэрээг өнөөг хүртэл байгуулаагүй.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын 2,512,771 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа бөгөөд нас барсан 90,284, харъяатаас гарсан 13,365 иргэн байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй 3,306,052 иргэн байна.
Цаашид компанийн сайн засаглалыг хөгжүүлэх, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдлыг хангах, компанийн хувьцааны эзэмшил, мэдээллийн ил тод, нээлттэй байдлаар дамжуулан олон нийтийн хяналтыг бий болгож, зах зээлд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг Компанийн тухай хуулийн 3.7-д заасан нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байна. Мөн сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг иргэдийн хяналтад оруулах, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээ авах шаардлага үүсэж байна.
Түүнчлэн 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төрсөн Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэлтэй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэггүй тул төрийн эзэмшлийн хувьцаанаас 40 хүртлэх хувийг шинээр эзэмшүүлэх болон Монгол Улсын иргэн бүрт хувь тэнцүүлэн нэмж эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, байгалийн баялгаас иргэн бүр тэгш хүртэх боломжийг олгох талаар тогтоолын төсөлд тусгалаа гэж төсөл санаачлагч танилцуулав.
Тэрбээр, тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж бүрдэх, мөн Компанийн засаглал сайжирч, өмчлөл, удирдлагын хяналтын тэнцвэртэй байдал хангагдаж, иргэд олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцсон гэв.