УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат Зөвлөлдөх санал асуулга хэрхэн явуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан ажлын хэсэг гаргаж, ахлагчаар нь МАН-ын бүлэг Д.Тогтохсүрэнг томилсон. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийг бүртгэж эхэлсэн. Нээлттэйгээр нэр дэвшүүлж, 5-11 хүнийг сонгон шалгаруулна. ТББХ-ны хуралдаанаар шалгаруулна. Шалгаруулалт энэ сарын 30-ныг хүртэл явагдана.
Энэ хүрээнд дараах ажлыг зохион байгуулна. Үүнд,
- “Нийгэм, эдийн засаг, улс орны тулгамдсан асуудал, гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулна.
- “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг ТББХ-ноос 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү уулзалтад эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, жагсагч нар оролцох боломжтой.
- Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг санал асуулгад оролцох иргэдийг хуулийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороогноос түүврийн аргаар сонгож оролцуулна" гэлээ.
Сануулахад, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгаар улс орны нийгэм, эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ.