Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбатын тойрогт явах нөхөн сонгууль ЛӨӨЛӨӨ боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 53 секунд

Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн билээ. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтдээ нүүрсний гэх хэрэгт нэр холбогдож нийгэмд шүүмжлэл дагуулах болсон тул бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж шалгуулах, мөн ээжийнх нь бие өвдсөн учраас БНСУ руу явж эмчлүүлэх шаардлагатай талаараа дурдсан байдаг. Ингээд УИХ түүний хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэснээр Архангай аймгийн нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгасны дагуу өнгөрөгч тавдугаар сарын дундуур нөхөн сонгуулийг зохион байгуулах ёстой байв. Гэтэл хуульд заасан хугацаанаас хойш үндсэндээ 14 хоног өнгөрөөд байна.

Улс төрийн хүрээнд нөхөн сонгуулийг хийх шаардлагагүй гэх яриа ялангуяа эрх баригч намынхны дунд яригдах болсон нь УИХ цаашид 75 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож магадгүй болж байгаа аж.

Учир нь саяхан Сонгуулийн хууль батлагдсан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдын хэлж буйгаар уг хуульд УИХ-ын ээлжит сонгууль болохоос жилийн өмнө нөхөн сонгуулийг товлон хийхгүй байх заалт туссан гэдэг агуулгаар тойргийн нөхөн сонгуулийн асуудал дахин яригдахгүй байх нөхцөл бүрджээ.

Мөн Ж.Мөнхбатын адил нүүрсний гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Саяхан Т.Аюурсайханд хамаарах хэрэгт АТГ-аас шалгалтын ажиллагаа явуулж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх хоёр гишүүний холбогдсон хэргийг шүүх гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх юм. Нэг талаас нүүрсний гэх тодотголтой хэрэгт шалгагдаж байгаа гишүүдийн асуудал шүүхийн алх цохиулахад тун ойрхон байгаа бол нөгөө талд өчигдөрхөн Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан гишүүдийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 хоног үргэлжилсний эцэст дүгнэлтээ гаргасан нь олны анхаарлын төвд орсон.

Тодруулбал, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад нь дэмжлэг үзүүлж, түүнийхээ хариуд 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт яллагдагчаар татагдан шүүгдэж буй УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцсон дүгнэлтийг шүүхээс өчигдөрхөн гаргасан нь ял авах магадлалыг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж магадгүй эгзэгтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байна.

Ё.Баатарбилэгийн хувьд мөн л Архангай аймгаас сонгогдсон бөгөөд хэрэв шүүх гэм бууртахйг эцэслэн шийдвэл УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх болох юм. Товчхондоо ирэх оны сонгуулиас өмнө Архангай аймаг тойргийнхоо хоёр ч төлөөлөгчийг алдах болох эрсдэлтэй.

Ямартай ч тодорхой болоод буй нэг зүйл нь Архангай аймгийн нэгдүгээр тойргийн нөхөн сонгуулийг явуулахгүй болж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгууль хүртэл одоогийн парламент байгаа бүрэлдэхүүнээрээ бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаар шийджээ.

Н.Алтанхуяг: Хамаагүй улс төржөөд яах вэ. Гэм буруугүйг минь тогтоож өгсөн шүүгчдэдээ баярлалаа
Н.Алтанхуяг: Хамаагүй улс төржөөд яах вэ. Гэм буруугүйг минь тогтоож өгсөн шүүгчдэдээ баярлалаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.