Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит 9 дүгээр хуралдаан 2023 оны эхээр зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Габит Койшибаевыг хүлээн авч уулзан, хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар санал, мэдээлэл солилцлоо.
Цар тахлын нөхцөл байдлаас үүсээд байсан хорио цээрийн дэглэмүүд суларч, манай хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, өндөр дээд хэмжээний айлчлалууд сэргэж байгааг уулзалтын эхэнд Элчин сайд Габит Койшибаев онцлов.
Манай хоёр орны эдийн засгийн бүтэц ижилхэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар тэргүүлэх байр суурийг эзлэх тул хамтын ажиллагааны шинэ механизмыг бий болгон хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллахаар талууд тохиролцов. Ажлын хэсгийн хурлаар газар тариалан, мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлийн асуудлуудыг нарийвчлан хэлэлцэх юм.
Түүнчлэн Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбараас туршлага судлах зорилгоор Бүгд Найрамдах Казахстан Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хавар ноос хяргах үеэр ирэх хүсэлтээ илэрхийлээд байгаа бөгөөд төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд батлав.