Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ онд автомашитайгаа цасанд суусан, боогдсоны улмаас иргэд хөлдөх, осгох эрсдэлтэй 50 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу аврагчид шуурхай ажиллаж 300 гаруй иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж ажиллалаа.
Харамсалтай нь энэ төрлийн дуудлага сүүлийн үед амралтын өдрүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдүүд хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүсч байгаа юм.
Тухайлбал, Багахангай дүүргийн 2-р хороо Хангайн зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт суудлын эдвон автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлагыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны 19:21 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 2 том хүүхэд, 2 хүүхэд автомашинтайгаа цасанд суусан, бензин дууссан байсныг чирч гаргасан.
Мөн Багахангай дүүргийн 2-р хороо Өндөр дэл хэмээх газарт toyota mark 2 маркын автомашин замын хажууд цасанд суусан гэх дуудлагыг 2022.12.17-ны өдрийн 15:00 цагт ирүүлснээр Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 2 том хүн, 1 хүүхэд автомашинтайгаа цасанд суусан байсныг чирч гарган аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Цаг улирлын нөхцөл байдлыг харгалзан иргэд орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг ханган, баталгаат зам гүүрээр зорчиж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.