Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2022.09.05/ боллоо. Шуурхай зөвлөгөөнд НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням оролцож цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн.
Есдүгээр сарын 5-ны байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс туурах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байна." гэж мэдээллээ.