Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагт парламентад 109 шинэ консерватив гишүүнийг угтаж авна.
Өнгөрсөн долоо хоногийн сонгуульд олонхын суудал авснаар Их британи улс Европын холбооноос гарах үйл явцын хуулийн төслийг парламентаар батлуулах үйл явцыг хурдасгаж, эрүүл мэнд, боловсролын салбарт санхүүжилт хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа.
Сөрөг хүчин болох лэйборист намыг дэмжиж ирсэн Английн хойд болон төв хэсгийн тойргуудаас энэ сонгуулиар дэмжлэг авч чадсан ерөнхий сайд “ард түмний засгийн газар” болсноо мэдэгдээд Брекситийг хэрэгжүүлж олон нийтийн итгэлийн хариуг барьна гэж хэлсэн.
Европын холбооноос нэгдүгээр сарын 31 гэхэд гарахын тулд Жонсоны засгийн газар парламентад брекситийн хуулийн төслийг зул сараас өмнө хэлэлцүүлэх шаардлагатай байгаа. Харин ирэх жилийн сүүл гэхэд Европын холбоотой худалдааны гэрээ хэлцлээ хийсэн байх ёстой.
Жонсоны Консерватив нам сонгуульд Брекситийн асуудлыг нэг мөр дуусгана гэсэн амлалттай оролцсон бол Жереми Корбины Лэйборист нам Европын холбооны гишүүнчлэлийн асуудал дээр хоёр дахь удаагийн олон нийтийн санал асуулгыг зохион байгуулна гэсэн амлалттай байсан.
Брекситийг дэмжигч дагагчид нь Консерватив намыг сонгосноор Лэйборист нам энэ сонгуульд 1935 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлттэй гарсан.
“Брекситийг хэрэгжүүлснийхээ дараа үндэсний консерватив нам улсаа хөгжүүлэхийн төлөө хичээх болно. Бидний үүрэг бол улсынхаа ард иргэдэд үйлчилж, тэдний давуу эрхийг урдаа тавина” гэж ерөнхий сайд амлаад байгаа билээ.
Эх сурвалж: Reuters