Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Амартүвшин: “ЭТТ“ ХК, “Бодь Интeрнэшнл“ ХХК-ийн санхүүгийн тайланг ил болгож харах ёстой

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 52 секунд

Нүүрсний хулгайн хэрэг болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшингөөс тодрууллаа.

-ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монгол Улс өнгөрсөн 11 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрсийг хулгайлах боломжгүй гэдэг мэдээлэл өгсөн. Эдийн засагч гишүүний хувьд та үүнийг боломжтой гэж харж байна уу?

-Зарим гишүүдийн ярьж байгаачлан 40 их наяд төгрөгтэй тэнцэх нүүрс хулгайлах боломж байхгүй. Манай эдийн засгийн нөхцөл байдлаас харахад, ийм их хэмжээний нүүрс хулгайлах боломж байхгүй л гэж харж байгаа. Гэхдээ нүүрсний хулгай хийсэн гэх хардалтыг үндэслэлтэй гэж бодож байна.

Нууцаас гарсан гэрээнүүдийг харахад сонирхол татсан. Оффтейк гэрээ гэж ярьж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ оффтейк гэрээ биш байгаа юм. Учир нь оффтейк гэрээ нь уул уурхайн ирээдүйд гарах бүтээгдэхүүнээ урьдчилж зараад өөрт нь тэр мөнгө нь орж ирдэг. Гэтэл эдгээр гэрээ бол цэвэр бартер гэрээ. 2019-2020 оны үед ам дээрх үнэ хэд байсныг сайн мэдэхгүй юм. 60 ам.доллар байсан гээд байгаа. Одоо бол 110 ам.доллар, 50 ам.долларын зөрүү гарч байна.

Эдгээрээс миний анхаарлыг хамгийн их татсан зүйл юу вэ гэхээр "Тавантолгой-Гашуунсухайт"-ын 240 километр төмөр замын нэг километр замыг яагаад 5 сая ам.доллараар барьсан бэ гэдэг байгаа юм. Бусад жишгүүдийг харахад, "Тавантолгой-Зүүнбаян" төмөр замын нэг км-ыг сая доллар хүрэхгүй мөнгөөр, "Зүүнбаян-Ханги Мандал" төмөр замыг 1,7 сая ам.долларын өртөгөөр барьсан.

Гэтэл яагаад "Тавантолгой-Гашуунсухайт"-ын төмөр замыг ийм өндөр өртгөөр барьсан бэ гэдгийг бид болон хууль хяналтынхан бусад субъектүүд шалгах хэрэгтэй. 5 сая ам.долларыг юунд зарцуулсан бэ. Одоо бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн тайлантай танилцах ёстой. Түүний дараа "Бодь интернэшнл" ХХК-ийн санхүүгийн тайланг ил болгож, харах ёстой.

-Та сая Оффтейк гэрээ гэхээсээ илүү бартерын гэрээ байна гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгвэл яагаад эдгээр ил болсон гэрээнүүдийг бартерын гэрээ гэж харж байна вэ?

-Би Лондонд ажиллаж байхдаа нефтийн том ордын санхүүжилтийг оффтейк гэрээгээр хийж байсан. Ирээдүйд гарах газрын тосны үйлдвэрлэлээ борлуулж байсан. Гэтэл "Эрдэнэ Тавантолгой" ХК 60 ам.доллараар нэг тонн нүүрсийг "Бодь Интернэшнл" ХХК-д өгөөд уг компани нь нүүрсийг нь зарж, эргүүлээд төмөр замыг нь барьж өгч байгаа юм.

Хэрэв "Эрдэнэс Тавантолгой" ХК олон улсын жишгээр гэрээ хийсэн бол арай өөр гэрээ байх байсан. Угтаа тухайн гэрээнд нь олон улсын индексийг үндэслэсэн байгаа боловч хавсралт дээрээ тонн нүүрс тутмыг 60 ам.доллараар зарна гэсэн байгаа юм. Яагаад 60 ам.доллар гэж энэ анхаарал татаж байгаа.

-2019-2021 оны аудитын тайланг "Эрдэнэс Тавантолгой" ХК ил тод зарлаагүй. УИХ-ын төсвийн байнгын хороо хаалттай хэлэлцээд асуудлыг одоо хүртэл зарлаагүй. Энэ тал дээр та өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-ТУЗ нь чадамжтай байх шаардлагатай. Жил бүр аудитаа ил гаргах ёстой. Миний ойлгосноор Засгийн газар олон улсын аудит заавал оруулна гэсэн шийдвэр гаргах шиг боллоо. Энэ бол байх ёстой асуудал. Оффтейк гэрээний нягтлан бодох бүртгэл маш нарийн байдаг. Яг тухайн жилд орж ирэх орлогоо бүртгэдэг. Бүгдийг нь орлого гэж бүртгэж болдоггүй гэх мэтчилэн ирээдүйд үүсэх активийг олон улсын нягтлан бодох стандартын дагуу бүртгэдэг. Хэрэв тийм байдлаар бүртгэсэн бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлыг бид арай өөрөөр харах байсан байх.

-Төрийн өмчит компанийн асуудалд төр оролцоод ирэхээр хулгайд ч мөн оролцож байна гэсэн хардлагыг төрүүлж байна л даа?

-Хардах эрх бол бүгдэнд нь бий. Миний харж байгаагаар Төрийн өмчит компаниа бүгдийг нь тодорхой хэмжээгээр хувьчлах хэрэгтэй. Төрийн банкаа IPO хийгээд гаргасан. Яг энэ жишгээр бусад бүх компаниа олон нийтэд нээлттэй, арилжаалдаг хувьцаат компани болгож байж эрүүл болж, хяналттай байна. Ингэснээр бүх баялаг хувьцаа эмэмшиж буй иргэддээ шууд очно гэсэн үг.

Засгийн газар 2023 онд их хэмжээний бондыг эргэн төлнө. Эдийн засаг ямар байх нь тодорхой биш байгаа учир төрийн өмчит том компаниудын хувьчлал хийгдэнэ гэж харж байгаа.

-Иргэд 2019 онд өөрчлөлт оруулсан татварын тухай хуулинд бухимдалтай хандаж байгаа. Энэ хуулинд иргэд болон ААН-үүдийн дансанд орсон орлогоос татвар авах гээд байна гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэхдээ Сангийн яамнаас бол өөр тайлбар хийж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ. Үүн дээр арилжааны банкууд дансны орлогыг Татварын ерөнхий газарт өгөх боломжтой юу?

-Хуулийн заалт байгаа юм шиг байна лээ. Үүний дагуу банкуудаас энэ мэдээллийг авч байгаа гэж ойлгож байгаа. Тиймээс банкууд хууль эрх зүйн байдлаа сайтар анхаарч байж үүнийг хэрэгжүүлэх нь чухал байх. Барууны жишгээр банкууд ямар ч шүүхийн шийдвэргүй иргэдийн дансанд халдах эрх байдаггүй.

Мэдээлэл цуглуулаад байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ энэ бол хоёр талтай. Хувь хүний мэдээлэл, харилцагчийн нууц гэж байгаа. Тиймээс үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан тодорно
Маргааш НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан тодорно
 
GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааны тухай судална 
GEN-Z үеийнхний хөдөлмөрийн зах зээлийн харилцааны тухай судална 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.