УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын 330 гаруй сумыг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу 10 хувиар их байна.
Энэхүү оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгджээ. Сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 7.1 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 6.5 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүчийг түгээсэн байна. Нийт түгээсэн цахилгаан эрчим хүчний 76.9 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс, 23.1 импортын цахилгаан эрчим хүчээр тус тус хангасан байна. Импортын цахилгаан эрчим хүчний 29.3 хувийг ОХУ-аас, 70.7 хувийг БНХАУ-аас импортолжээ" гэлээ.