Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Намайг сайдаар томилогдсоноос хойш спортын салбарт тодорхой үр дүнгүүд гарч байгаа

Ангилал
Улс төр Спорт Ярилцлага
Огноо
Унших
8 минут 0 секунд

Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газраас хийсэн сайд нарын томилгооноос яамгүй буюу салбар хороодод томилогдсон гурван сайдын нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ юм. Тодруулбал, тэрбээр Спорт, олимпизм хариуцсан сайдаар томилогдоод гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд буй. Тэгвэл бид шинэ сайдтай салбарын бодлого, шинэчлэлийн талаар ярилцлаа.

-Та Биеийн тамир, спортын салбарыг ахлаад багагүй хугацаа өнгөрлөө. Бодлогын түвшинд ямар шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна. Нийгмийн нэг хэсэг нь сайдтай болсон ч салбар нь урагшлахгүй байна гэж шүүмжлэх юм?

-Манай салбар таг чиг болсон зүйл байхгүй л дээ. Биеийн тамир, спортын үйл ажиллагаа өдөр тутам явагдаж байдаг онцлогтой. Дээр нь яам байгуулагдаагүй, эрхэлсэн сайдын албыг бий болгосон гэдгээрээ онцлог. Миний хувьд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны дарга. Үндэсний хороо бол салбар дундын уялдааг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй. Энэ дагуу бид ажиллаж байна. Бидний хийх гол ажил бол мэдэж олимпт бэлтгэхтэй холбоотой асуудлууд бий.

Ялангуяа 2022-2023 он бол Олимпын эрх авах томоохон тэмцээнүүдэд оролцох ёстой чухал цаг үе таарч байна. Олимпын бэлтгэлийг хангах, эрчимжүүлэхтэй холбоотой цогц ажлыг хийж байгаа. Нөгөө талаараа Монгол Улсын Засгийн газраас, төрөөс Биеийн тамир спортод яагаад онцгой ач холбогдол өгч байгаа вэ гэхээр Биеийн тамир, спорт бол хүний хөгжлийг хангах суурь нөхцөл юм. Хүн ам эрүүл аж төрөхийг төлөвшүүлэх, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох нь Засгийн газрын урт болон дунд хугацааны зорилт. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг дэвшүүлсэн байгаа. Засгийн газрын сайд хүртэл “Илүүдэл жингүй эртэч Монгол” гэсэн том хөтөлбөрийг улс даяар явуулж байна.

Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа спортын холбоодын хүмүүстэй бид уулзаж байгаа. Олимпын хороо болоод бусад биеийн тамир, спортын клубын хүмүүстэй уулзаад Биеийн тамир, спортын хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Тулгамдаж байгаа асуудлууд бий. Тухайлбал, допингийн асуудлаа хуулиар цэгцлэх шаардлагатай байна. “Вада” гэдэг Олон улсын допингийн эсрэг холбоонд үндэснийхээ дүрмийг батлуулах шаардлага тулгарсан. Дүрэм батлагдаагүй явж ирсэнтэй холбоотойгоор “Вада”-аас 2024 оны олимпт Монгол Улсыг оролцуулахгүй байх нөхцөл үүссэн. Бид Засгийн газраар эхний ээлжид дүрмээ батлуулсан. Одоо хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар зэхэж байна.

-Салбарын төсөв хэрхэн батлагдсан бэ. Ирэх онд онцлох ямар төсөл, үйл ажиллагаанд зарцуулагдахаар төлөвлөж байгаа вэ?

-Эдийн засаг амаргүй байгаатай холбоотойгоор төсөв нэлээн хүнд байгаа. Гэхдээ 2023 оны олимпт эрх авах тэмцээн уралдаанд тамирчдын бэлтгэлийг хангах ажилд тодорхой хэмжээний санхүүжилтийг нэмж өгсөн. Биеийн тамир, спортын барилга, байгууламжуудыг барьж байгуулах асуудлаар бид 2004 оноос хойш УИХ-д Биеийн тамир спортыг төлөөлж асуудлаа оруулдаг байсан. Улмаар албан бус лобби бүлэг байгуулаад ажиллаж байгаа. 2020 оноос хойших парламентад Ц.Мөнхцэцэг гишүүн лобби бүлгийг ахлаад ажиллаж байна.

Энэ хугацаанд манай лобби бүлэг УИХ-д салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлуудыг хийж ирсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын 9 дүүрэгт 1000-аас доошгүй хүний суудалтай усан бассейнтай цогцолбор барих зорилтыг дэвшүүлж ажил хэрэг болгож байна. Дээр нь аймгуудад спортын ордон барих УИХ-ын шийдвэр гарсантай холбогдуулан 21 аймгийн спортын ордны ихэнхийг нь шинэчилсэн. Одоо Дархан, Архангай аймагт усан бассейнтай спортын ордны цогцолбор ашиглалтад орно.

Хэдийгээр лобби бүлэг байгуулаад УИХ-д олон асуудлыг хэлэлцүүлж байсан ч нөгөө талаараа Биеийн тамир, спортын асуудлыг эрхэлсэн бүтэц Засгийн газарт байхгүй байсан учир салбар яамдуудад шилжээд хаягдаж яваад байсан. Мөн нэгдсэн бодлогоор хангах шаардлага тулгарсан. Намайг тус салбарыг хариуцаж авснаас хойш тодорхой үр дүнгүүд гарч байгаа.

Салбарын түүхээс харахад, Монгол Улс өмнө нь биеийн тамир, спортын хуульгүй явсаар 2000 оноос эхлээд бид биеийн тамир, спортын салбарын эрх зүйн хуулийг боловсруулах санаачилга гаргаад миний бие МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын сургалтад судалгааны ажлыг бүрэн программаар 2.5 жил хийж, Монголын нэртэй хуулийн том эрдэмтэд энэ салбарын хууль эрх зүйн орчныг бий болгоход дэмжлэг болж, 2003 онд Биеийн тамир, спортын хуультай болж, 2004 онд УИХ салбарын төлөөлөлтэй болж ажилласан түүхтэй юм.

Ер нь үе үеийн парламент Биеийн тамир, спортын салбарыг төрийн бодлогоор онцгой анхаарч дэмжиж ирсэн. Монголчууд 44 жил буюу 1964 онд анхны олимпт оролцсон цагаасаа хойш 2008 он хүртэл олимпын аваргагүй байсан шүү дээ. Ингээд бид 2008 онд анхны олимпын аваргуудаа төрүүлсэн. Зөвхөн ганцаарчилсан спортын төрлүүд төдийгүй багийн спортын төрлөөр өндөр амжилтуудыг гаргадаг болсон. Үүнтэй зэрэгцэн бид салбарын хуультай болсноор төгс шийдвэрт хүрээгүй ч гэсэн тодорхой хэмжээний дэмжлэг урамшууллууд бий болсон учраас хувийн хэвшлийнхэн энэ салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж эхэлж байна.

Тухайлбал, “Степпе Арена” гэдэг өвлийн битүү спортын цогцолборыг байгууллаа. Хамгийн сүүлд, Олон улсын стандартад нийцсэн лигийн тэмцээн явуулах бүрэн боломжтой сагсны ордныг байгууллаа.

1996-2000 онд Биеийн тамир, спорт клубийн зарчмаар хөгжих ёстой гээд төрийн бодлогын гадна хаягдчихсан юм. Энэ 4 жилийн хугацаанд Монголчууд 1968 оны олимпын буухиа тасраагүй байж байгаад 2000 оны Сиднейн олимпоос нэг ч медальгүй ирж байсан гашуун түүх бий. Үүний дараа төр эргээд ивээлдээ авч, эхэлснээр сайн үр дүнгүүд гарсан байдаг.

Тэгэхээр хуучин олимпын дөрөвхөн төрөлд Монгол Улсын тамирчид оролцдог байсан бол өнөөдөр 25 спортын төрлөөр шигшээ баг байгуулж байна. Үүнтэй уялдуулан салбарын ажилчдын цалин урамшуулал сайжирч байна. Тив дэлхийд амжилт үзүүлсэн тамирчдад ЗГ-ын нэг удаагийн мөнгөн шагналыг олгож дэмжлэг үзүүлж, насан туршид нь цалин олгож байгаа гэх зэргээр дүгнэхэд манай салбар өөр түвшинд хүрсэн нь илт харагдаж байна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгчээ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.