БНСУ-ын Сөүл хотын Итэвонд Халлевүүний баяр тэмдэглэхээр цугласан 100,000 гаруй хүн бөөгнөрөл үүсгэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тухай 11 дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Харин тус дуудлагуудыг үл тоож, цагдаа нар ямар ч арга хэмжээ аваагүйг мэдсэн тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёол ихэд уурласан хэмээн Хөх ордноос мэдэгдсэн байдаг.
Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын явцад дөрвөн ахлах офицерыг баривчлах зөвшөөрлийг прокурорын байгууллагаас хүссэн гэж Yonhap агентлагт мэдээлжээ. Тодруулбал, уг хэрэгт Итэвон дүүрэг дэх Ёнсан цагдаагийн газрын дарга асан Ли Им Жэ, Пак Сон Мин, тагнуулын өндөр албан тушаалтан асан, Ёнсан цагдаагийн газрын тагнуулын ажилтан асан Ким Жин Хо болон Ёнсан цагдаагийн газрын онцгой байдлын хяналтын ажилтан асан Сон Бён Жу нарыг буруутгаж байгаа аж.
Итэвон дүүрэг дэх Ёнсан цагдаагийн газрын дарга асан Ли Им Жэг эмгэнэлт хэрэг гарснаас хойш 50 минутын дараа буюу хэргийн газар оройтож ирсэн, Пак Сон Минийг Халлевүүний баярын үеэр осол болж болзошгүйг урьдчилан сэрэмжлүүлсэн дотоод тагнуулын тайланг устгахыг тушааж, эс үйлдлээ нуун дарагдуулах гэж оролдсон хэмээн буруутгаж байгаа юм байна.
Харин тагнуулын өндөр албан тушаалтан асан, Ёнсан цагдаагийн газрын тагнуулын ажилтан асан Ким Жин Хог Пак Сон Мингээс захиалга авч, доод албан тушаалтнуудаа тайланг устгахад хүргэсэн, Ёнсан цагдаагийн газрын онцгой байдлын хяналтын ажилтан асан Сон Бён Жуг нөхцөл байдлын талаар цагдаагийн даргад цаг алдалгүй мэдээлээгүй гэж буруутгаж байгаа аж.