МАН ирэх сарын 6-нд Бага хурлаа хийхээр төвөвлөсөн. Үүнээс өмнө /2022.12.01/ НАМЭХ хурлаа хийхээр төлөвлөсөн байсан ба эл хурлаар Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо болгож өөрчлөхөөс гадна холбооныхоо тэргүүнийг солих асуудлыг ярилцахаар бэлдээд байв. Ерөнхий сайдын зүгээс НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгөх тохироог явуулахаар зэхсэн гэх мэдээлэл байгаа. Ч.Номин ч үүнийг хүлээн зөвшөөрч, НАМЭХ-г авах сонирхолтой байсан юм.
Харин нөгөө талд одоогийн тэргүүн Д.Сарангэрэл эл албан тушаалаа өгөх хугацаа хараахан болоогүй гэх үндэслэлээр холбоог өгөхгүй хэмээн үзэж буй. Мөн энэ хоёрын дундуур эмэгтэй гишүүдийн зарим нэгийг чихэж, НАМЭХ-г авах талаарх яриа ч саарал ордонд өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр НАМЭХ-ны тэргүүнийг сонгох асуудлаас үүдэн эмэгтэйчүүдийн дунд хурал нь "галтай" болох магадлалтай хэмээн үзэж тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болжээ. Хурал хойшилсон шалтгааныг орон нутгаас ирэх төлөөлөгч нар цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ирж чадахгүй гэдэгтэй холбон тайлбарлажээ.
Хэрвээ эмэгтэйчүүд холбооны тэргүүний төлөөх өрсөлдөөнөөс болж талцаж асуудал дагуулвал Бага хурлын үйл явц хэрхэн өрнөхийг харж буй МАН-ынхан дунд улс төрийн тогтворгүй байдал ч үүсч мэдэх аюултай. Тиймээс хойшлуулах нь зөв шийдэл юм.
НАМЗХ-ны хувьд ч гэсэн Бага хурлаас өмнө хуралдахгүй ажээ.
Ц.Янжиндулам