Аялал жуулчлалын тухай хууль шинэчлэгдэн батлагдах гэж байгаатай холбоотойгоор УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Би хувьдаа дэмжиж байгаа. Бид Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд зөндөө олон жил ярилаа. Сайжруулж авна гээд яриад л байсан. Ер нь 300-400 мянган жуулчнаас дээшээ гарахгүй байсаар өдийг хүрлээ шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх “хаалгаа” нээмээр байна.
Намайг ЗТХ-ийн сайд байх үед МИАТ-ийн либералчлалыг бий болгосон. Энэ либералчлалын хүрээнд олон жил барьчихсан байсан БНСУ-ын Сөүл хотын нислэгийн чиглэлийг задалж өгсөн байдаг. Ингэснээр Сөүл чиглэлийн нислэгийн билетийн үнэ 30-40 хувиар буурсан. Ийм байдлаар бид хаалгаа нээх шаардлагатай байна. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд байгаа.
Гэтэл наашаа ирж байгаа жуулчид нь билетийнхээ үнийг дийлэхгүй, үздэг хардаг юм нь ч бусад гайхалтай сайхан газруудтай харьцуулахад хомс талдаа байна. Гэтэл өчнөөн мөнгөөр үнэтэй билет захиалаад наашаа нислэг үйлдэнэ гэж байхгүй. Тэгэхээр нэн тэргүүнд хаалгаа нээх, МИАТ-тай холбоотой асуудлууд, билетийн үнэтэй холбоотой асуудлууд, либералчлалтай холбоотой асуудлуудаа ярих ёстой байхгүй юу.
Миний үзэж байгаагаар Аялал жуулчлалын бодлогыг либералчлах асуудлын нэг хэсэг нь казиногийн асуудал. Мөн бооцоот морин уралдаан байж байна. Хоёр том улсын дунд хэдэн зуун жил байлаа, цаашаа ч хэдэн зуун жил ингэж амьдрах юм, хаалгаа нээх хэрэгтэй болж байгаа" гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "2023, 2024, 2025 оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгоод зарлачихсан шүү дээ. Үүнтэй холбогдуулаад бид агаарын тээврийг либералчилж байна. Ер нь бол Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 200-300 ам.долларт багтахаар байх хэмжээнд байна. Визийг хялбарчилж онлайнаар олгодог болъё гэж байгаа. Ихэнх орон манайх руу онлайнаар визээ аваад зорчих боломж бүрдэнэ гэсэн үг.
Үүнийг дагаад билетийн үнэ буурна. Үүний тулд бид хөрсөө бэлдэх хэрэгтэй болно. Хамгийн түрүүнд аялал жуулчлалын стандартуудаа батлах хэрэгтэй. Статистик харахад Экспортын чиглэлийн үйл ажиллагаанаас хамгийн том нь уул уурхайн салбар байгаа. Дараа нь ХАА-н салбар буюу ноолуурын экспорт байгаа. Тэр нь жилд 300 сая ам.доллар оруулж ирдэг. Үүний дараа Аялал жуулчлал бол жилд 300-аад мянган жуулчин оруулж ирдэг ч 200 сая ам.доллар хүрэхгүй хэмжээний орлого бүрдүүлдэг.
Тэгэхээр бид цаашид сая жуулчин буюу 1 тэрбум гаруй ам.долларын орлогыг аялал жуулчлалаас олдог болох зорилт тавьж байна. Энэ нь ам.доллар оруулж ирэхээс гадна дотоодод ажлын байр бий болгох, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгох хамгийн чухал зүйлийн нэг юм.
Дээр нь жуулчид Монголд ирэхэд НӨАТ-аа буцаагаад авдаг болоход Монгол Улсын томоохон их дэлгүүр, худалдааны төвүүд бий болох боломж бүрдэнэ гэсэн үг. Эндээс эргээд ноолууран бүтээгдэхүүнээ зарах боломж бий болно. ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнүүд боломж нь илүү нэмэгдэнэ гэж харж байгаа" гэв.