Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хуулийн төсөлтэй нарийвчлан танилцах шаардлагатай гэж үзэн ажлын 5 хоногийн завсарлага аваад буй.
Тодруулбал, газрын харилцааг хуулиар зохицуулахдаа төр, иргэний өмчийг тодорхой болгох, өмчлөгч, эзэмшигчийн хаягийн давхардлыг арилгах, мөн газрын хууль бус наймааг таслан зогсоохын тулд хуулийн хариуцлагыг чангатгаж, заалт бүр дээр хариуцлагатай хандах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ, "Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Газрын багц хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх үед УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсанд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Газрын тухай хуулийг мэргэжлийн байгууллага, яам, агентлагууд бүгд маш сайн судалсан байх ёстой. Учир нь энэ хууль бол Үндсэн хуулийн дараа яригдах нийтийн эрх ашиг, өмчтэй холбоотой чухал хууль.
Сүүлийн үед газрын маргаан маш их байгаа. Монгол улсад газар бол авлиглын нэг том үндэс болчихсон. Нэг хэсэг нь уул, уулаар нь хашаалаад усны ундарга хаагаад хашаа барьчихдаг. Гэтэл нөгөө талд энгийн ард иргэд 0.7 га газраа авч чадахгүй байдалтай байна. Дүүргийн газрын албаны ажилчид иргэдтэй хамт газраас болж гар зөрүүлж байна. Нэг газар дээр хаягийн давхардал их байна. Зарим иргэд өрийн эзэмшлийн газраа архивд шүүлгээд олддоггүй гэхчлэн газрыг дагасан маргаан, луйвар маш их бий.
Хууль ёсны дагуу нийт иргэдийн ердөө 20 хувь нь л газраа өмчилж авсан байдалтай байна. Үлдсэн 70-80 хувь нь газрын харилцаанд орж чаддаггүй гэсэн салбар яамны судалгаа байна. Энэ бол иргэдийн эрхийг зөрчиж байгаа ноцтой асуудал. Өөрөөр хэлбэл хууль харилцааг зохицуулах чадамжгүй болсноос ийм асуудлууд үүсчхээд байгаа юм. Тиймээс газрын хуулийг цогцоор нь шинэчлэхийг дэмжиж байгаа.
Одоо бол нийслэл, дүүрэг, аймаг, сум, ИТХ гээд хэн дуртай нь газар чөлөөтэй олгодог болчихсон. Ингэхдээ танил тал, ах дүү, хамаатан садандаа өөрийн өмч шигээ бэлгэлдэг, цаашлаад сонгуулийн амлалт хүртэл болж замбараагаа алдсан. яг энэ тохиолдол газар олгох асуудал дээр хуулийн хатуу хариуцлага, хяналт үгүйлэгдэж байна. Жишээ дурдвал манай Чингэлтэй дүүрэгт л гэхэд сургууль, спорт заал хоёрын дунд нь газар олгочихсон. Тус газрыг дүүрэг нь олгосон гэг хэр нь дүүргээс тодруулахаар тухайн үед нийслэлээс олгосон гэж яриад эцэстээ хариуцах эзэнгүй болж хувирсан. Тэгэхээр наад захын асуудлууд газрын харилцаан дээр их гарч байгаа учраас хуулийн төслийг сайтар судалж, боловсруулах шаардлагатай байна." гэлээ.