Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тулгат: Эрх баригчид С.Баярцогтоос айсандаа “үхтэл“ нь балбаж байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
21 минут 57 секунд
Гэрэл зургийг Ubn.mn

Ирэх сард болох намын даргаа сонгох Ардчилсан намын хуралтай холбоотойгоор АН-ын гишүүн М.Тулгаттай ярилцлаа.

"Хурлаа ирэх сард хийдгээрээ хийнэ"

-АН-ынхан хурлаа хийж дараагийн даргаа тодруулах талаар бэлтгэлээ базаагаад эхэллээ. Үүнтэй зэрэгцээд хурал хойшлох яриа ч гараад ирлээ. Их чухал хурлын бэлтгэл явцаас яриагаа эхлүүлье гэж бодож байна?

-Саармагжсан зүйлгүйгээр процесс тасралтгүй үргэлжлээд явж байна. Ер нь Ардчилсан нам маань нэгдээд, нэг даргатай болохын тулд бид тал, талын оролцоог хангахыг их чухалчилж байна. Гишүүддээ цаашдаа бид ямар замаар яаж явах талаар ярьж, ойлгуулахад цаг хугацаа их орж байгаа гэх үү дээ. Гэхдээ цаг хугацаа биднийг хүлээхгүй гэдгээ сайн мэднэ. Хурлаа ирэх 12 дугаар сард хийдгээрээ хийнэ. Хурлын тов хэд хоногоор нааш, цаашаа болохыг үгүйсгэхгүй.

Ер нь ил харагдахгүй зүйл гэж бий. Жишээлбэл, бэлтгэл ажил, уулзалтууд гээд бүх зүйл жигд урагшилж байгаа гэдгийг хэлэх байна.

-Өнгөрсөн хоёр жилд АН-ынхан талаар нэг хуваагдлаа. Ирэх сард хийх хуралд талцаж, хуваагдсан талуудын оролцоо хэр байгаа вэ. Тал бүрийн оролцоо, хүсэл зорилгыг хангаж чадах уу?

-Бүгдээрээ л сууж байгаад намын даргаа сонгоё гэж байгаа юм. “Би тэрнээс намаа хамгаалж байна”, “надад энэ хүн таалагдахгүй байна” гэсэн хандлагаар биш ачаа үүрээд явж буй намын гишүүдийн олонх нэг даргаа сонгоно. Тэр сонгосон хүнээ дүрэм, журмын дагуу УДШ-д бүртгүүлээд л явна. Үүнд бүх талуудыг хамруулж, бас оролцуулж байна.

Ер нь нэг зүйлийг нэмээд хэлэхэд өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам хоёр зүйл дээр их алддаг байжээ. Нэгдүгээрт, үзэл баримтлалаасаа хазааж сонгуулийн амлалт өгч, ялж л байвал болоо гэдэг хандлага. Үүнийг Женко тэргүүтэй манай намын большвекжсэн хэсэг АН-д хамгийн их газар авахуулдаг. Хоёрдугаарт, дүрэм дээгүүрээ гишгэдэг явдал. Нэг том босстой болчихоод тэр хүнийхээ дохио зангаагаар дүрмээ уландаа гишгэх гээд байдаг. Ийм хүний хамгийн тод жишээ нь С.Эрдэнэ гээд хүн байж байна. Бид цаашид энэ хоёр алдааг давахгүй гэдгээ баталгаажуулж авах хэрэгтэй.

-Энэ бүхнийг хангаж чадах шинэ даргын шалгуурыг залуучууд та бүхэн хэр өндөр тавьж байна вэ. Талцсан намаа нэгтгэж, эрх баригчдын “савар”-аас мулталж чадах хүн харагдаж байна уу?

-Өнөөдөр бол би их ерөнхий зүйл ярих нь байна. Шинэ даргаас намын гишүүд зарчмын үндсэн гурван зүйлийг л хүснэ. Нэгдүгээрт, үзэл баримтлалын манаач байх ёстой. Хоёрдугаарт, үндсэн дүрмийн манаач байх. Гуравдугаарт, эв эеийг сахин хангагч гэсэн хэдхэн зүйлийг л хүснэ. Мэдээж ҮБХ-ны хурлаар олонхын саналыг авч чадсан хүн дараагийн дарга болно.

"Үнэхээр лидер гээд хэлчих хүн үлдээгүй нь манай намын зовлон"

-Намдаа төдийгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх лидер танай намд байна уу. Ер нь үлдсэн үү?

-Манай намын нэг зовлон бол наадах чинь. “Яалтчгүй энэ хүн бол үнэхээр лидер шүү” гээд хэлчихээр хүн үнэхээр алга. Өнгөрсөн арваад жилийн хугацаанд дараа үеийн лидер гэсэн болгонд нэр шошго зүүгээд харлуулчихсан. Эсвэл өөр хоорондоо нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Арай гайгүй гээд нэг хүн гаргаад ирэхээр наад хүн чинь сайд, дарга, гишүүн хийж үзээгүй гээд гоочлоод эхлэх жишээтэй. Энэ гацаанаас гарахын тулд бүгдээрээ нэг дор сууж байгаад хурлаа хийгээд нэг хүнээ сонгоё. Тэр хүнээ тултал нь дэмжээд хамтраад ажиллая гэсэн бодолтой л байна.

-Та намын даргад нэр дэвших бодолтой байна уу?

-Би ер нь нээлттэй байгаа. Нэг зүйлийг тодруулаад хэлэхэд 2021 оны З-р сарын 28-нд болсон сунгаанд би ялалт байгуулсан. Үүнийг дөрөвдүгээр сарын 7-нд болсон XIV Их хурлаар баталгаажуулаад ёсчлон батламжилсан тогтоол одоо ч хүчинтэй хэвээрээ. Би сунгаанд оролцохдоо АН-ын асуудлыг шийдье, эргээд ард түмнийхээ итгэлийг даах үндэсний хэмжээний нам болгохын төлөө зүтгэнэ гэж бодож оролцсон. Одоо ч тэр итгэл үнэмшил, хүсэл зориг маань хэвээрээ л байгаа.

-Тухайн үед ер нь яагаад таны материалыг УДШ-ээс танай намынхан татаад авчихсан юм бэ?

-О.Цогтгэрэл бид хоёрын нэрийг УДШ-д бүртгүүлэх гээд хоёр талаас зэрэг өгөөд байсан. Дээд шүүх хариуд нь та нар нэг болчихоод ир гээд буцаагаад байв. Гурав дахь дээр нь юу болсон юм бэ гэхээр О.Цогтгэрэлтэй “Аль нэг талыг нь бүртгэхэд гомдолгүй” гээд гарын үсэг зураад УДШ-д хүсэлтээ өгсөн юм. Би дүрэм, журмынхаа дагуу О.Цогтгэрэлийн талд ямар ч боломж байхгүй гэдгийг мэдэж байсан учраас тийм шийдэл гаргасан хэрэг. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийг АН-ын үндсэн дүрмийн дагуу нягтлаад энэ хоёр хүний аль дүрмийн зөрчилгүйг нь бүртгээд өгөөч ээ л гэж байгаа юм.

"Женкогийн аюул ямар ч байсан Ардчилсан намаас арилсан"

-Яг тэр үйлдэлтэй чинь залгуулаад С.Эрдэнэ таны материалыг Дээд шүүхээс татаад, “ЖАН” руу урвалаа гэдэг зүйл яригдсан?

-Намайг Женкогоос мөнгө авчихлаа гэдэг гүтгэлгийг аймаар явуулсан шүү дээ. Тэр гарын үсэг зурах шийдлийг би намынхаа удирдлагын баг, дэд дарга нартайгаа зөвшилцөж хийсэн. Ганцаараа дур мэдээд хийчихсэн үйлдэл биш. Энэ процесс ганцхан С.Эрдэнэд л таалагдаагүй. Бичиг өгсөн нь хүн нь С.Эрдэнэ байсан учраас бидэнд мэдэгдэхгүй буцаагаад татаад авчихсан. Харин ч намын даргад бүртгүүлэх хүсэлтийг хоёр талаас өгч байсныг С.Эрдэнэ татаж аваад УДШ рүү дан О.Цогтгэрэлийн материал очно гэдэг чинь асуудал байсан шүү. Улс төрийн намын тухай хууль, манай намын дүрэм журмын дагуу биш байсан учраас буцаагдсан. Сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрийнхөө нэрийг намын даргад бүртгүүлэхээр өгчихөөд бүртгэх боломжгүй буцаагдах нь тодорхой болчихоор нь татаад авч байх жишээний. Тэдний талд ямар ч найраа байхгүй.

-Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд танайхан нэгдэх үйл явц өрнүүлэх тусмаа улам хуваагдаж талцаад байна. Таныг бүртгэхээс эхлээд С.Эрдэнэ та хоёр. Сая бүлэг чинь хуваагдчихлаа. Одоо дахиад шинэ процесс өрнүүлэх гэж байна. Дахиад л та нар бөөндөө “хад мөргөх” вий дээ?

-Энэ намыг Женко Х.Баттулгын болон тойрон хүрээлэгчид нь эзэрхийлж авах тун дөхсөн. Би бол С.Эрдэнэ гуайг яг энэ үйл явцыг зогсоож чадсан гэдгийг одоо ч үнэлдэг. Ардчилсан намыг большвекуудад өгөөгүй гэж би шууд хэлнэ. Магадгүй бүр Оросын агент, гар хөлүүдэд өгөөгүй. Одоо бол энэ аюул бүр байхгүй болчихсон. Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэхээр Женко гэдэг хүн өөр хүнийг зүтгүүлээд болохгүй байхаар нь эцсийн мөчид аргаа барсандаа өөрийгөө хүртэл зүтгүүлээд бүтэлгүйтлээ. Дээд шүүх хууль, дүрмийн дагуу бүртгэх боломжгүй гэдэг хариу өгөх гээд байхаар нь ичсэндээ материалаа татаад авчихлаа шүү дээ. Тэгэхээр С.Эрдэнийн яриад байгаа АН-д ирэх “Женкогийн аюул” гэдэг зүйл одоо байхгүй болчихсон.

Одоо Тулгат гэдэг хүн болдоггүй юм бол ҮБХ-ны хурлаа хийгээд намын дараагийн даргаа тодруулах үйл явцдаа оръё гэхээр С.Эрдэнэ гэдэг чагтлаад суучихлаа. “Женко гэдэг хадны мангаагаас би хамгаалж байна. Би энийг хэнд ч өгөхгүй. Надад таалагдах хүн алга” гээд дарж хэвтчихээд байна. Тэр хүнд таалагдах албагүй шдээ. Сонгуульт гишүүн гэдэг чинь нэгэнд таалагдахгүй байсан ч олонхын саналаар л гарч ирдэг зүйл.

Үүгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр эхэн үедээ хууль ёсны нам талдаа батжиж авах цаг хугацааг тууллаа. Одоо С.Эрдэнэ гэдэг хүн аль хэдийнээ огцорчихоод дараагийн хууль ёсны даргыг тодруулах ажиллагаанд саад учруулаад байна. Тиймээс С.Эрдэнэ яг одоо энэ нам дотор ганцаардчихсан байгаа. Дэд дарга нар, генсек гээд хууль ёсны АН-ын нүүр царай болж байсан хүмүүс нэг талдаа байдгаараа л байж байна. Бидний дунд С.Эрдэнэ гэдэг хүн л алга. Яахав, С.Эрдэнийг дагадаг гурав, дөрвөн эмэгтэй хүн л нөгөө талд явж байна лээ.

Гэрэл зургийг mpa.mn

"С.Эрдэнэ тухай ярих нь цагийн гарз. Одоо тэр АН-д ганцаардчихсан байгаа"

-Танай С.Эрдэнэ дарга чинь “намаа өгөхгүй” гэж удаа дараа зарлаад яваад байна. Хууль ёсны эрх нь тэр хүнд байгаа болоод тэгээд байна уу. Хэрвээ байхгүй бол та бүхэн намын дүрмээрээ хариуцлага тооцоод хууль ёсны даргаа сонгохгүй өнгөрсөн хугацаанд яагаад цаг алдав?

-Наад хүн чинь 2017 онд УДШ-ийн бүртгэл дээр бүртгэгдсэн намын дарга бол би. Үүнээс хойш өөр хүн бүртгэгдээгүй тул Дээд шүүх дээр миний бүртгэл байгаа юм аа” гэдэг зүйлийг л ярьж, давуу тал болгоод байсан юм. Үүнд сая есдүгээр сарын 27-нд УДШ-ээс Ардчилсан намыг С.Эрдэнэ гэдэг хүн төлөөлөхгүй гэдэг хариуг өгсөн. Сая 11 дүгээр сарын 10-нд генсек Ч.Өнөрбаяр Ардчилсан намын даргатай холбоотой маргаантай асуудлууд байна. Үүнд албан ёсоор хариу өгөөч гэсэн бичиг явуулсан. Дээд шүүхээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр танаа гэж байгаад С.Эрдэнэ гэж хүн намын дарга биш гэдгийг баталгаажуулсан хариу өгсөн. Одоо хоёулаа С.Эрдэнэ гэдгийг хүний тухай яриад суух нь цагийн гарз. Тэр хүнээс болоод гацаад байх юм ерөөсөө байхгүй.

-Энэ хууль ёсны генсекийг чинь С.Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө ҮБХ-гоо хуралдуулаад чөлөөлчихлөө гэсэн. Одоо яах юм бэ?

-Тэр ҮБХ нь хууль бус. Тиймээс С.Эрдэнийн тухай яриа нь үнэхээр цагийн гарз. Тэр хүний үг үйлдэл болгон хүчингүй. Дээд шүүхийн хоёр ч бичгээр бүх зүйл тодорхой болчихсон.

-Ер нь анхнаасаа С.Эрдэнэ гэж хүнг намыг хувийн компани шиг ээ байлгах гээд байдаг. Эсвэл ганцаараа эзэн суух гээд байдгийг нь та мэддэггүй байсан юм уу. Та хоёр чинь эхэндээ их л сүрхий байсан санагдах юм?

-Эхэндээ бол мань хүн чинь шал өөр байсан шүү дээ. Намайг жинхэнэ дарга гэсэн байдлаар хандаад л. Ахмад хүн залуу үедээ ингэдэг шүү, тэгдэг шүү гээд захиж, зааварлаж байгаа юм шиг байлаа. Тэгээд сүүлдээ нөгөө хүн чинь бага багаар уяагаа чангалаад л, хүн амьтан хөөгөөд. Эсвэл халж солиод л хамаг муу аргаа хэрэглээд эхэлсэн дээ. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө дэвшүүлэхээс нь эхлээд л бүх зүйл сонин болоод явчихсан. Гэхдээ би бол нам дотроо энэ үйлдлүүдийг нь ширүүн эсэргүүцдэг, бид хэд санал зөрөлддөг байсан. Энэ бүгдийг ил гаргаад хэрүүл хийгээд байх боломжгүй. Эцэст нь С.Эрдэнэ гэдэг хүн цагаандаа гарсан үйлдлээ 7 дугаар сарын 2-нд болсон хурлаар хийсэн. Уг хурлаар мань хүн намын дүрмийг уландаа гишгэсэн. Жишээ нь хурал даргалагчийг ҮБХ сонгодог. ҮБХ нь Ч.Өнөрбаяр генсекийг сонгочихоод байхад хурал эхлэхээс 30 минутын өмнө хурал даргалагчийг сольчихож байгаа юм.

-Эхэн үед байсан Х.Баттулгын хууль бус, дүрмийн бус “аюул”-аас салчихлаа. Хамаг юмыг хав дараад хэвтчихээд байгаа С.Эрдэнэ гэдэг хүнийг бас та бүхэн “жагсаалаас” гаргачихлаа. Одоо тэгвэл АН-ыг эмхлэж, цэгцлэх гарц нь юу байна вэ?

-Бидний гарц бол дүрмийнхээ дагуу ҮБХ-гоо зарлан хуралдуулах. Намын дарга байхгүй ч гэсэн бидэнд ҮБХ байна. Сүүлд С.Эрдэнэ зарим хүмүүсийг нэмсэн, хассан юм байгаа. Тиймээс хуучин шинэгүй бүгдийг нь нийлүүлж байгаад нэгдсэн байдлаар хурлаа хийчихье гээд байгаа юм

"Засгийн газар, Женко, С.Эрдэнэ тэргүүтэй “баг”-ийнхан С.Баярцогт руу зэрэг дайрч байна"

-Маш товчхондоо бүх зүйл намын гишүүд та бүхний гарт шилжсэн гэж ойлголоо. Одоо нэгдсэн хурлаа хийгээд сонгосон хүнээ бүртгүүлэхэд С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч саад болохгүй. Бүр Ардын нам ч саад болоход хэцүүхэн л болох бололтой. Тэгвэл хэн хүлээн зөвшөөрөгдөж, хэн туг барих вэ. С.Баярцогт гэдэг нэр сүүлийн үед хүчтэй яригдах боллоо?

-ҮБХ-ны хурлаа хийгээд, намын асуудлыг ярина гэдэг одоо их амаргүй байна. Хоёр жил гаруй хүч тарамдчихсан учраас хүмүүсээ цуглуулахын тулд ихээхэн ажиллагаа орж байна. Энэ ажиллагааг генсек, дэд дарга нар болон хуучны лидерүүд оролцоотой хийж байна. Тэдний нэг нь бол С.Баярцогт гуай. Ардчилсан намын дунд үеийн, шинэ үеийн бүх хүмүүс янз бүрийн байдлаар идэвх зүтгэл гарган оролцож байна. Яахав, тэдгээр дундаас нөлөө бүхий оролцож байгаа нь С.Баярцогт учраас тэгж хараад байх шиг. “Таван замын цэрэг” гэдэг шиг эрх баригч Засгийн газрын хоёр гурван баг, Женкогийн талынхан, С.Эрдэнийн талын тролл арми түүн рүү идэвхтэй дайрч байна лээ. Нам нэгдэх үйл явцыг эдгээр нөхдүүд эсэргүүцэж буй тул С.Баярцогт гэдэг хүн рүү их идэвхтэй давшилж, харлуулах гэж хичээж байна уу даа гэж харж байгаа.

-Үнэхээр С.Баярцогт гуайг намын даргад зүтгүүлэх гэж байгаа юм бол арай эрт гаргаж ирээд балбуулаад байгаа юм биш үү. Эсвэл танайханд бодсон өөр хувилбар байгаа болоод С.Баярцогт “гал” үүрээд анхаарал сарниулаад байгаа хэрэг үү?

-Яахав, тэр хүний дотроо юу бодож байгааг би мэдэхгүй. Гол нь бүх талуудын төлөөллийг хангаж байгаад ҮБХ-ны хурлаа хийгээд олонхын саналыг авсан тэр хүнийг л намын даргаар хүлээн зөвшөөрөх нь зөв. Бид үүнийг л хийх гээд дор бүрнээ хичээж явна.

"Ц.Элбэгдорж АН-ыг авах гээд учиргүй ажиллагаа хийгээд байгаа зүйл надад лав мэдрэгдэхгүй байна"

-АН-ын нэгдлийг их тууштай ярьж яваа хүмүүсийн нэг бол Ц.Элбэгдорж. Энэ утгаараа түүнийг Ардчилсан намыг авах гээд байна. Төлөөний хүнээ томилуулах вий дээ гэх зэрэг хардлага байж л байна?

-Би энэ хүмүүстэй их ойр ажиллаж ирсэн хүний хувьд хэлэхэд Ц.Элбэгдорж гуай нэг их намаа авах гээд учиргүй ажиллагаа хийгээд байгаа зүйл надад лав ажиглагдахгүй байна. Харин намын нэгдэх процессыг дэмжиж оролцож байгаа нь үнэн. Ер нь С.Эрдэнэ, Х.Баттулга гэдэг хүмүүсээс бусад манай намын лидерүүд, намын нүүр царай болж байсан АН-ын нэгдлийг дэмжиж байгаа шүү.

-Хоёр жил гаруй бужигнасныхаа шанд танай намын асуудалд Ардын намынхан нөлөөллөө тогтоочихлоо. Магадгүй МАН-ын “саварт” байгаа АН-ын ирээдүйг яаж МАН-аар хүлээн зөвшөөрүүлэх гэж байна даа. Танай намын асуудлаар, даргаар чинь эрх баригчид санал зөрөөд байх жишээний?

-Миний харж буйгаар Ардын нам дотроо хоёр хэсэгт байна. Эхнийх нь хуучны лидерүүд. Нөгөөх нь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар гэх зэрэг шинэ үеийнхэн. Энэ хоёр хоорондоо АН-ын асуудлаар өөр өөр санал бодолтой байх шиг. Дунд, залуу үеийнх нь хувьд АН босоод ирвэл карьерынх нь хувьд том дайсан. Тиймээс АН С.Эрдэнэ гэдэг даргатайгаар унаж, бүдрээд явах нь зөв гэдэг бодолтой байх шиг байна. Бидний нэгдэх тухай яриад, хурлаа хийх гэхээр пиарчид, сошиалын баг нь улаан цайм эсрэг ажиллаж байгаа нь харагдаж байна. Ил гараад намын нэгдэл ярьж буй Өнөрөө рүү, над руу, бас Баярцогт гуай руу ялангуяа хамгийн их балбаж байна. С.Баярцогт гуайгаас л Ардын намынхан их айгаад байгаа юм болов уу даа.

Арай нэг ахмад үеийнхэн нь Монголын төрд тэнцвэртэй улс төр хэрэгтэй. Хоёр гол багана болсон намыг ингэж хүчээр хагалаад байж болохгүй гэдэг өнцгөөр асуудалд хандаад байх шиг байна. Ерөнхийлөгчийн хувьд би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өнгөрсөн хугацааны нийтлэг жишгийг харахад үе үеийн Ерөнхийлөгчид яваандаа намтайгаа жоохон асуудал үүсгэх гээд байдаг тал бий. Энэ өнцгөөс намын одоогийн удирдлагууд нь мань хүнийг хардаж, сэрэмжилж байгаа биз.

-Буцаад нэгдсэн АН улс төрдөө эргэж ирэхдээ үзэл санааны туйлбаргүй байдлаа хэрхэн цэгцэлсэн байх вэ. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан ардчилал гэдэг үгтэй л болохоос зүүний гэгддэг МАН-аас ялгаагүй байж ирсэн. Магадгүй үзэл санаагаараа нэгдэж чадахгүй байсан учраас дотроо фракц болж, лидерүүд нь дор бүрнээ амбицаа дарж чадахгүй баахан бужигнав гэж хардаг?

-Үзэл санааг хамгаалах хамгийн гол хүн бол дараагийн намын дарга, ҮБХ. Өөрөөр хэлбэл, манлайлагч нар нь үзэл санаа, дүрэм журам дээрээ бат зогсдог байх ёстой. Ингэж чадах хүнийг намын даргаар сонгоно. Олон зуун намын гишүүд дунд янз бүрийн бодол санаатай хүмүүс бий. Тиймээс өмнөх шиг ээ өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр удирдлагын багаа бүрдүүлдэг, өөрт нь таалагдаагүй хүнийг хөөж туудаг. Дотоод ардчилал руугаа нулимдаг хүн байж болохгүй. Ер нь бид дан ганц намын дарга гэхээсээ илүүтэй хамтын удирдлагын багийн системийг нэвтрүүлнэ. Олонхоороо асуудлыг шийддэг ардчиллын алтан зарчмаа бид алдахгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагвадорж

С.Баярцогт гэх “шүхэртэй“ Лу.Гантөмөр Ардын намыг барьц алдуулах уу
С.Баярцогт гэх “шүхэртэй“ Лу.Гантөмөр Ардын намыг барьц алдуулах уу
 
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.