Ардчилсан нам ирэх арванхоёрдугаар сард багтаан хүлээлт үүсгээд буй хурлаа хийж, намын даргын асуудлаа нэг талд нь гаргахаар бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд М.Тулгатыг ч, О.Цогтгэрэлийг ч намын даргаар тавьж үзлээ. Сүүлдээ бүр, Х.Баттулга нь ил цагаандаа гарч өөрийгөө намын даргад тавих гэж оролдсон ч "Бүртгэх боломжгүй" гэх хариуг шүүхээс авч, амаараа шороо үмхэж орхисон. Тэгвэл ОДОО хэний туг дор нэгдэж, намаа "аврах" вэ гэх чухал сонголтод АН-ынхан улаан нүүрээрээ туллаа. Тэд одоо л нэгдэхгүй бол цаг хугацаа тэднийг хүлээхгүй. Ганц гэрэлтэй зүйл байгаа нь АН-ыг бужигнуулагч нэр бүхий хоёр этгээдэд намын нөхөд нь хуучин шиг ээ итгэх нь итгэл үгүй болжээ.
Гол нь АН-ын туг болох дараагийн хүн хэн байх бол...
-МАН-д цочроо өгч мэдэх АН-ын "нууц хөзөр"-
Өнгөрсөн намраас хойш Ардчилсан намын даргад С.Баярцогтын нэр дуулдаж эхэлсэн. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс дэмжлэгтэй байгаагаас гадна нам доторх үл ойлголцолтой байгаа фракцуудаа нэгтгэж чадах хүн хэмээн харж буйг эх сурвалжууд ч баталж буй. Энэ утгаараа С.Баярцогтын нэр дуулдаж эхэлсэн даруйд түүн рүү дайрах хандлага илт ихэссэн. Женко Х.Баттулгатай зэрэгцээд "Намаа өгөхгүй" хэмээн гүрийж буй С.Эрдэнэ ч ам нээх бүртээ С.Баярцогт руу дайрах хандлага ажиглагдаж байна. АН-ын тэрслэгчид төдийгүй МАН-ын тролл "арми" ч зүгээр суулгүй С.Баярцогтыг сошиалд ноолж байна.
Тэгвэл Ардчилсан намынханд намын даргад С.Баярцогтыг томилохоос гадна өөр нэгэн нууц хөзөр байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэр нь Лу.Гантөмөр. Эл мэдээллийг батлах хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, улс төрд сураг нь тасрах шахсан тэрбээр хэд хоногийн өмнө гэнэтхэн хэвлэлээр гарч ирээд улс төрд "амьд" байгаагаа зарлав. Энэ мэтийн үйлдэл улс төрд зүгээр болчихдог зүйл биш.
Хоёрдугаарт, "АН-ын өнгөтэй өөдтэй хүн бүрийг Женко харлуулсан" гэж Х.Тэмүүжин хэдэн жилийн өмнө ярьж байсан. Тэр "хохирогчдын" нэг нь Лу.Гантөмөр. Гэхдээ бусдыгаа бодвол Мүүний шашинаар арай бага гөвүүлсэн нь бас Лу.Гантөмөр. Өөрөөр хэлбэл, бусад шиг авлига, албан тушаал, орд газрын хэрэгт мань эрийг холбож нугалаагүй. Орон шоронд ч илгээж, ял зэм тулгуулаагүй. Энэ утгаараа тэр МАН-д хамгийн хүчтэй цочроо өгч мэдэхээр хүн. Тиймдээ ч АН-ыхан одоохондоо "нууц хөзөр"-ийнхөө талаар ам нээх сонирхолгүй байгаа. Тиймээс С.Баярцогт бүх галыг үүрч байгаад эцсийн мөчид Лу.Гантөмөрийн туг дор АН-ыг нэгтгэх гэж үзэх магадлал илүүтэй ажиглагдаад эхэллээ.
Лу.Гантөмөр өөрөө ч нам руугаа орж туг барих сонирхолтой байгаа нь өнгөрсөн жил О.Цогтгэрэлийн талаас генсекээр томилогдож байсан нь илтгэнэ.
-Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход туслах АН, МАН дундах "Увсынхан"-ы дэмжлэг-
Аливаа намын улс төрд УИХ-ын гишүүд нь жин дарж оролцдог. Харин өнөөдрийн нөхцөлд УИХ дахь АН-ын бүлэгт хамгийн их үүрэг рольтой байгаа нь Увсынхан байна. Наандаж, бүлгийн дарга О.Цогтгэрэл, цаандаж гэхэд хал үзэж халуун чулуу долоочихсон хүчтэй лидерүүдийн нэг болох Н.Алтанхуяг хүртэл цаг дээрээ Лу.Гантөмөрийг дэмжих нь ойлгомжтой. Хэдийгээр бүлэгт нь албан бусаар хамаарахгүй байгаа улс төр дэх мэдлэг туршлага, нам удирдах арга ухааны хувьд Н.Алтанхуяг бүлэгт голлох байр суурьтай бөгөөд түүнийг АН-аас тусгаарлаж ойлгож болохгүй. Энэ утгаараа бүлэг дээрх Увс талынхнаас Лу.Гантөмөр томоохон "гал"-ын дэмжлэг авч мэдэхээр байна.
Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй муудалцсан гэгддэг Д.Дорлигжав түүнийг дэмжинэ. Энэ хоёр муудлаа, муудлаа гэхэд ядаж нэр холбогддог хэрэг төвгөөрөө, удахгүй "уяагаа чангалуулах" хэрэг төвгөөр ч бас салшгүй холбогдоно. Өөрөөр хэлбэл, АН доторх өөр нэг хүч болох экс Ерөнхийлөгчийн талтай Лу.Гантөмөрийг ойлголцуулах алхмыг бараг л Д.Дорлигжав толгойлох биз.
Гуравдугаарт, АН-ын шинэ дарга дотооддоо хүлээн зөвшөөрөгдөхөөс гадна МАН-д таалагдах ёстой. Дотоодын "зодооноосоо" болоод МАН-ын "хайрцаганд" орсон тэд яалтчгүй МАН-тай ойлголцох хүнээ даргаар тавих учиртай. Тэгвэл ойлголцлыг нь бас л МАН доторх "Увсын фракц" хийж өгөх магадлалтай. Одоо байгаа сайдуудаас хамгийн том босс нь болоод буй Ч.Хүрэлбаатараас эхлээд, нэр нь явсан ч мөр нь яваагүй Ц.Нямдорж хүртэл схем ажиллах нигууртай. Дээр нь нэмээд энэ засагт Увсын гэх тодотголтой 7 хүн сайдаар ажиллаж байх жишээний. Өөрөөр хэлбэл, МАН-аас дарах "виз"-ийг хамгийн авах боломжтой нь Лу.Гантөмөр гэсэн үг.
Товчхондоо, С.Баярцогт гэх "шүхэр" дор Лу.Гантөмөр гэх кандидат МАН-ыг ирэх өдрүүдэд барьц алдуулж мэдэх нь байна. Юу болохыг харцгаах л үлдлээ.