Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдахтай зэрэгцэн байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай парламентын 31 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Бид анхны парламентчдын нэг, УИХ-д долоон удаа улирч, нийт 30 жил төр түшилцэх явцдаа 11 жилд нь Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан Цэндийн Нямдоржтой ярилцлаа.
“Шуналгүй” сүүлчийн парламент 1992 оны УИХ байсан
-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж, төлөвшөөд 31 жил болсон байна. Та 7 удаа УИХ-д сонгогдож ажилласан анхны туршлагатай парламентчдын нэг. УИХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн цаг хугацаанаас яаж өөрчлөгдсөн гэж та дүгнэх вэ?
-1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдаж, дараа УИХ-ын сонгууль болж, түүхэндээ анхны байнгын ажиллагаатай парламент бүрдэж байсан түүхтэй юм. Тухайн үед цөөнх зургаан гишүүнтэй, олонх 72 гишүүнтэй байсан. Улс орон савлагаанд ороод картын бараанд шилжчихсэн. Унаа тэрэг тэр үед ховор, Улаанбаатарын гудамж бараг л эзэнгүй байсан шүү дээ. Тийм үед анхны УИХ байгуулагдаж дөрвөн жил үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Тухайн үеийн УИХ-ын гол хийх ёстой ажил нь хуучин Монгол Улс 55 хуультай байсан. Шинэ Үндсэн хуулиар тэр 55 хуулийг шинэчлэх, шинэ нийгмийн харилцаандаа таарсан шинэ хуулиудыг батлах гээд хоёр үндсэн том үүрэгтэй ажилласан парламент.
Тиймээ би долоон удаа УИХ-д суучихсан хүн л дээ. Одоог хүртэл 1992 оны УИХ санаанаас гардаггүй юм. Их сайхан гэгээлэг, төрийн томчууд бүрэлдэхүүнд нь орчихсон, сайд байсан П.Жасрайгаас эхлээд л ховор хүмүүс бий. Н.Лүндэндорж бид хоёр “жур” юм л байсан шүү дээ. Хамгийн залуу нь гэж хэлэх үү дээ. Тэр үеийн гишүүд шуналгүй. Дэглэм журам их сайтай. Хуралд хоцорно, тасална, завсардана гэдэг ойлголт байгаагүй. 76 гишүүн заал пиг дүүргээд суудаг байсан. Шуудхан хэлэхэд, сүүлчийн шуналгүй парламент тэр үед бүрдэж байсан юм шүү дээ.
Хуулийн заалт нэг бүрд гурван удаа санал хураадаг байлаа. Одоо бол бөөнд нь хураасан болж “гурилдаад” явчихаж байна. Тэр үед жишээлбэл, хуулийн нэг зүйл гурван заалттай байхад заалт бүр дээр нь хурлаар санал хурааж байж, олонхын саналаар баталдаг тийм л ажиллагаатай Их Хурал байсан даа.
Хоёрдугаарт, тэр үеийн УИХ-ын нэг сайхан зүйл нь гишүүд хоорондоо их нөхөрсөг. Ер нь л УИХ-д ороод ирсэн бол хүйсээ, насаа мартчихдаг. Нэг ангийнхан болоод л дээр дооргүй бужигначихдаг байсан. Бие биеэ гоочлоод шүлэг хүртэл зохионо. Элдэв юм зураад бие биеэ шоглоод сууж байдаг байлаа.
-Тухайн үеийн УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дурсвал одоо яаж өөрчлөгдсөн гэж та харж байна?
-Хамгийн наад зах нь хурал тасална гэдэг ойлголт байдаггүй байлаа. Байнгын хороо чинь байнгын хороодын дарга нарын өрөөнд хуралддаг байсан юм. Гишүүд ёс зүйн элдэв асуудалд орооцолдож байгаагүй шүү дээ. Одоо бол эсрэгээрээ болж хувирсан.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. Зарим судлаачид, улстөрчид ч мөн эцэг хуульд олон удаа гар дүрэх нь муу гэлцдэг. Нөгөө хэсэг нь нийгэм цаг үедээ тааруулаад засаж шинэчлэх ёстой гэж үзэх юм. Үүнийг юу гэж боддог вэ?
-Заа даа. Үндсэн хуулийг оролдоод байх юм бол төр тогтдоггүй л байхгүй юу. Тэр “төр тогтоно” гэж нэг юм байна. Манайх чинь 300 жил харийн эрхшээлд байж байгаад гучхан жил л тусгаар улсын хувиар явж байгаа улс шүү, яг үнэнийг хэлэхэд. Энэ 30 жилд чинь арай гэж Үндсэн хууль тогтож ядаж байхад нь буцаагаад бужигнуулаад хаячихдаг.
Энэ хууль гэдэг юм чинь эхлээд албадлагын чанартай байдаг. Дараа нь ёс зүй болж төлөвшөөд сүүлд нь заншил болдог юм шүү дээ. Ингэж байж төр нь тогтдог. 1806 оны Наполеоны “Иргэний хууль” гэж байдаг. Тус хуулийг одоог хүртэл Францууд мөрдөж байгаа байхгүй юу. Яах вэ, аахар, шаахар өөрчлөлт хийсэн л байх. Америкууд чинь Үндсэн хуулиа батлаад 200 гаруй жил боллоо. Хуульдаа цөөхөн өөрчлөлт оруулсан байдаг. Энийг л их сайн бодох ёстой юм.
Би олон удаа үүнийг ярьж байгаа. Хууль чинь тогтохгүй байна. Та нар байнга хуулиар оролдож байгаа учраас ёс зүй чинь тогтохгүй байгаа юм гэж. Арай гэж ус аяган дотор тогтож байхад л эргээд асгачхаад дараагийн ус хийгээд байхаар яаж төлөвших юм. Одоо хүртэл хуулийн өөрчлөлтийн тухай асуудал яригдаад л байна. Би хувьдаа дээд зэргээр эргэлзэж байгаа хүн.
Жишээ нь гишүүдийн тоог нэмнэ л гэх юм. Тэр тухай ярихын оронд УИХ-д суудаггүй гишүүдээ 76 гишүүнээ суулгаж сургах хэрэгтэй шүү дээ. Харахад гудамжинд элдэв юм ярьж “намын пайз” зүүсэн юмнууд УИХ-ын гишүүн болох гээд л гудамж үймүүлээд байх юм. Тэгээд эд нар тоог нь нэмсний дараа дахиад ийм хүмүүс гараад ирвэл нэмээд л байх юм уу хаашаа юм. Ийм асуудал байгаа. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэлээд болгоомжтой хандах ёстой.
Ер нь бол энэ улсад зөндөө хууль байна. Түүнийгээ тогтвортой мөрдөөд УИХ-ын гишүүд нь ёс зүйгээ чанд баримталчихвал болчих гээд байгаа юм. Дээр нь ах, зах гэж нэг зүйл бий. Жишээ нь, бид 1992 онд томчуудыг харахаараа тойроод зугтчихдаг байсан. Энэ бол хүндлэл.
-Монгол Улсын төсөв сүүлийн 19 жилийн судалгаагаар ердөө дөрөвхөн жилд нь алдагдалгүй батлагдаж байсан юм билээ. Энэ оны төсөв ч мөн 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Гэтэл 1992-1996 онд УИХ-д сонгогдон ажиллаж байсан гишүүд "хар цайнаас өөр халамжгүй", хатуу дэгэн дор төсөв баталж байсан гэлцэх. Төсвийн сахилга, хяналт тухайн үед хэрхэн явагддаг байсан талаар эргэн сануулбал?
-Дэндүү төвөгтэй нөхцөлд ажиллаж байсан. Одоогийн эдийн засаг тухайн үеийнхээс 20-30 дахин нэмэгдсэн. 1992 оны төсөв жоохон юм байдаг байлаа. УИХ-ын гишүүдийн хангамж гэдэг зүйл байдаггүй. Дуудлагын Эксел машин байсан. Хуучны социализмын үед хэрэглэж байсан “паз” гэж шар автобус 3 ширхгийг авчихсан. Өглөөд тэр автобусанд гишүүд сууж ажилдаа ирдэг байлаа шүү дээ.
Гэхдээ тухайн үеийнхээр одоогийн амьдралыг төсөөлөөд байж болохгүй л дээ. Гэхдээ өнөөгийн УИХ-д хэмнэх зардал олон бий. Хэрэггүй зүйлд маш их мөнгө зарж байгаа. Нийгмийн халамжийн асуудлаа эрс цэгцлэх хэрэгтэй гэж хардаг даа.