Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Томуугийн шинэ хувилбар болох ВИКТОРИА хувилбар бусад вирусээс илүү хүнд тусна

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
7 минут 18 секунд

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас вакцинжуулах арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч томуугийн вакцин төдийгүй ковидын дархлаажуулалт ч сул байгаа аж.

Гэтэл дархлаажуулалт муу байгаатай зэрэгцэн Омикроны дэд хувилбарууд шинээр бүртгэгдэж мөн томуугийн шинэ хувилбар ч манай улсад илрээд байна. Иймд бид цар тахлын нөхцөл байдал хийгээд томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхантай ярилцлаа.

-Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн зүгээс коронавирусийн халдвар эсвэл томуу, томуу төст өвчин туссан уу гэдгээ ялгахгүй байна. Үүнээс шалтгаалан өвчнөө хүндрүүлэх нөхцөл байдал үүсч байна. Үүнд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Одоогийн байдлаар томуу, томуу төст өвчнийг үүсгэдэг 4-6 вирус тодорхойлогдож байна. Өнгөрсөн долоо хоногт томуугийн В хүрээний "Викториа" гэдэг вирус орж ирсэн. Түүнчлэн COVID-19, омикроны дэд хувилбарууд тодорхойлогдчихоод байна. Тиймээс томуу үүсгэгч, томуу төст өвчин үүсгэгч ялгаатай мөн коронавирусийн үүсгэгчүүд хоорондоо ялгаатай байна.

Энэ үүсгэгч нь ялгаатай хэдий ч эмнэлзүйн хувьд ижил шинж тэмдэг илэрдэг гэсэн үг. Иймээс аль төрлийн вирус вэ гэдгийг илрүүлэх шинжилгээнүүд нь өөр өөр байдаг. Үүнд, хэрэглэгдэж байгаа түргэвчилсэн тестүүдийн хооронд ч мөн ялгаатай байдаг гэж ойлгож болно.

-Эмч нарын зүгээс томуу, томуу төст өвчний халдвар хүндэрсэн тохиолдолд хоолойны ларенгит хэлбэрт шилжих тохиолдол их байна гэх мэдээллийг өгч байгаа?

-Халдварт өвчний үүсгэгчээс хамаараад өвчний хүндрэл харилцан адилгүй байдаг. Тухайлбал, Омикроны шинээр бүртгэгдсэн дэд хувилбаруудын тухайд амьсгалын дээд замын халдварын үеийн шинж тэмдгүүдээр буюу хоолой сөөх, ханиалгах зэрэг илэрч байна. Түүнчлэн томуу, томуу төст өвчний үүсгэгчүүдээс хамааран шинж тэмдгүүдийн хувьд ч харилцан адилгүй байдаг гэж ойлгож болно.

-Томуу, томуу төст өвчний шинэ хувилбар викториа хувилбар нь бусад хувилбаруудаас хэр ялгаатай юм бэ. Илүү хүнд тусах уу?

-Томуу, томуу төст өвчнийг хооронд нь харьцуулбал, эмнэлзүйн хувьд томуу нь илүү хүнд байдаг. Тиймээс шинээр бүртгэгдсэн викториа хувилбар бусад хувилбаруудаас илүү хүндээр тусах магадлалтай.

-Ковидын нөхцөл байдлын талаар ярилцъя. Гадаад улсын иргэн омикрон хувилбараар хүндрээд монголд эмчилгээ хийлгэж байсан. Тэр хүн эмчлэгдээд гарсан уу. Мөн омикроны шинэ хувилбаруудын тухайд?

-Манай үндэсний төв дээр гадна болон дотоодын иргэд ковидын тусламж үйлчилгээ авч байгаа. Мөн омикроны шинэ хувилбаруудын тухайд өмнөх хувилбаруудаасаа хүндрэлийн зэрэг ихгүй байна гэсэн мэдээлэл гарч байгаа.

-Эмчилгээний багц олгож байгаа хэвээр байгаа юу. Өмнө нь давтан өвдсөн хүмүүст эмчилгээний багц олгохгүй гэдэг асуудал яригдаж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ бол хэвийн явагдаж байгаа. Давтан өвдсөн тохиолдолд олгохгүй гэсэн зүйл байхгүй. Гэхдээ үүн дээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ юу вэ гэвэл, Эрэмбэлэлт хийгдэж байгаа. Ялангуяа хөнгөн зэрэгтэй байвал амбулаториор үзүүлээд, гэрээр эмчилгээ хийлгэх боломжтой.

Хүнд болон хүндээс дээш зэрэгтэй үйлчлүүлэгчид маань эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байгаа. Он гараад омикроны хэд хэдэн дэд хувилбарууд гарсан. Тиймээс өмнө нь омикроны дэд хувилбар туссан хүн дахин өөр хувилбараар өвчлөх магадлалтай.

Манай үндэсний төвийн хувьд анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас өгдөг багцыг өгдөггүй. Харин хүндээр эрэмбэлэгдээд хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэдээ стандартын дагуу эмчилгээнүүдээ хийгээд явж байгаа.

-Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил сул байгаа нь харагдаж байна. Идэвхжүүлэлт тааруу байна уу гэж ажиглагдаж байна?

-Ковидын тухайд бүрэн тун буюу 2 тун вакцин, үүн дээр нэмээд бүүстэр буюу 3, 4 дэх тунг хийж байгаа. Ялангуяа гурав дахь тунгийн хувьд харьцангуй идэвхтэй хийгдсэн. Дөрөв дэх тунгийн хамрагдалт сүүлийн үед буурсан байгаа. Вакцинд хамрагдах идэвх томуугийн вакцин дээр ч мөн харагдаж байна.

Өмнөх жилүүдэд бид 2-3 долоо хоногт зорилтот бүлгүүддээ томуугийн вакцинжуулалтыг хийгээд дуусчихдаг байсан. Гэтэл одоогоор вакцинжуулалт эхлээд 5 долоо хоног болсон байхад 65 хувьтай явж байна гэдэг маань идэвх сул байгааг илэрхийлж байна. Тиймээс иргэдийн дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг урилъя.

-Удахгүй шинэ жил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан ковидын дараагийн давалгаа үүсэх магадлал хэр өндөр байна вэ. Магадгүй дараагийн давалгаа үүссэн тохиолдолд хөл хорио эсвэл сурагчдыг цахимаар хичээллүүлэх зэрэг асуудал хэрхэн явагдах вэ?

-Одоогийн байдлаар омикроны дэд хувилбаруудын тархалт нэмэгдэж байгаа гэдэг үзүүлэлтүүд гарч байна. Тиймээс одоогоор хоёр эмнэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Цаашид нэмэлт төлөвлөгөөнүүд байгаа гэж ойлгож болно. Нэмэлтээр ор дэлгэх боломж бий. Төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа.

Мөн өнөөдрийн байдлаар хүнд нөхцөл байдал үүсээгүй байна. Мэдээж олон хүн бөөгнөрөх, цуглах, нийгмийн идэвхтэй байгаагаас үүдэн халдварт өвчин нэмэгдэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс УОК, ЭМЯ, БШУЯ-наас гаргаж байгаа шийдвэр нь яг энэ оргил үетэй давхцуулан сурагчдын амралтыг зургаан долоо хоног буюу уртасгасан байдлаар амраах зохицуулалт хийгдэж байгаа.

Түүнээс гадна бусад улс орнуудын хувьд манай улсад бүртгэгдээгүй ковидын олон хувилбар байгаа. Тэгэхээр Азийн улсууд болон Номхон далайн орнуудад ковидын дэд хувилбарууд шинээр бүртгэгдэж байгаа нь манай улсад ч мөн эрсдэл бий гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бүгд маскаа зүүхийг уриалж байна.

-Шинэ жилтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс зөвлөмж гаргах уу?

-Яг шинэ жилтэй холбогдуулан зөвлөмж гаргахгүй. Мэдээж халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууддаа мэдээлэл өгөөд явж байгаа.


-Ярилцсанд баярлалаа.

Өнөөдөр -26 хэмийн хүйтэн, ялимгүй цастай
Өнөөдөр -26 хэмийн хүйтэн, ялимгүй цастай
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.