Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Өлзийчимэг: Асрамжийн газар ирсэн хүүхдүүд хамгаалагдаж байгаа ч эцэг эхээ санаж бэтгэрснээс болж зарим хүүхэд галзуурлын байдалд ордог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 52 секунд

Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн ерөнхий захирал М.Өлзийчимэгтэй ярилцлаа.

-"Өнөр бүл" хүүхдийн асрамжийн төвд хүчирхийллийн золиос болсон хэр их хүүхэд ирдэг вэ. Одоо нийт хэдэн хүүхэд асран хүмүүжиж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар 170 орчим хүүхэд амьдарч, хамгааллын үйлчилгээ авч байгаа. Манайд ирж буй хүүхдүүдийн дийлэнх нь үл хайхрах болон бусад хэлбэрээр хүчирхийлэлд өртсөн байдаг. Би хамтарсан багийн үнэлгээнд их сэтгэл дундуур явдаг хүн. Учир нь хүчирхийлэлд өртөөд ирж буй хүүхдүүд ихэнхдээ хүндэрсэн хэлбэртэй ирдэг. Гэтэл хамтарсан баг өөрсдөдөө тулгамдсан асуудлаар шийдвэр гаргаад байгаа. Бушуухан энэ хүүхдийн асуудлыг шийдвэл өөрсдөө нэг ажлаас мултарч байгаа мэт. Нэг ёсондоо хүүхдүүдийг аль нэг асрамжийн газар аваачиж өгөөд шилийг нь харуулаад л асуудал нь дуусчихдаг.

Миний бодлоор энэ хүүхдүүд эцэг эхээс холдсоноороо хүчирхийллээс холдоод хамгаалуулж байгаа ч гэр бүлдээ элэг бүтэн амьдрах хамгийн том эрх нь зөрчигдөж байдаг. Үүнийг шийдэж чадахгүй байна. Хүүхдийг хамгаалах нь зөв ч хүүхдээ хүчирхийлээд байгаа эцэг эхийг яах ёстой юм. Зүгээр л орхиод явуулах юм уу. Манай асрамжийн төвд ирээд 10 гаруй жил болсон ч эцэг эх нь нэг ч удаа ирээгүй хүүхдүүд байна. Тэгсэн хэрнээ эцэг эх нь амьд, архи уугаад явж байдаг. Эсвэл өөр амьдрал зохиогоод явж байгаа асуудал байсаар байна. Одоо байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь эцэг эхтэй. Эцэг эх нь бүр хаячихсан. Миний бодлоор тус эцэг эхчүүдийн эцэг эх байх эрхийг түр хугацаанд хасаад тэр хугацаанд нь засран хүмүүжүүлэх, архины эмчилгээнд явж эрүүлжүүлэх, ажилтай орлоготой болгох ажлуудыг тогтмол хийж баймаар байна.

Үүнийг хамтарсан багийн гишүүд хийх ёстой. Гэтэл тэр бүх юм хаягдаж байна. Асрамжийн газар ирээд л бүх үйл явц дуусч байна. Асрамжийн газар ирсэн хүүхдүүд хамгаалагдаж байгаа ч сэтгэл зүйн хувьд эцэг эхээ санадаг, бэтгэрдэг. Зарим хүүхэд бүр галзуурлын байдалд ордог. Сэтгэцийн эмгэг болж хувирч байгаа асуудал гарч байна.

-Асрамжийн газар өссөн хүүхдүүд насанд хүрээд хэрхэн нийгэмшдэг вэ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд өсөж торниогүй нь ямар сөрөг үр дагавартай байдаг вэ?

-Маш сөрөг үр дагавартай. Учир нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй. Дандаа санаж, бэтгэрсэн байна. Ялангуяа 18 нас хүрээд асрамжийн газраас гарахаараа маш их хямардаг. Учир нь тэднийг тосч авах гэр бүл байхгүй. Шинэ орчиндоо идээшдэггүй. Ахдаа хамаатан садандаа очдог ч бас л идээшдэггүй. Тэгэхээр хамтарсан багийн шийдэл бол хурал хийгээд хүүхдийг хамгаалалтад өгөх биш. Эцэг эхчүүдийг нь цаашид хүүхдийнхээ төлөө амьдрах боломжийг нь шахаж шаардах ёстой.

-"Өнөр бүл" асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн 60 гаруй хувь нь эцэг эхтэй гэж байна. Хүүхдүүддээ очдоггүй шалтгааныг судалж үзэв үү?

-Хүүхдүүдээ хаячихсан. Архины хамаарал, гэр оронгүй болсон, эсвэл өөр хүнтэй суугаад хүүхдээ нуучихсан асуудлууд байдаг. Энэ кэйсүүд манай дээр зөндөө байна. Нэг кэйс дурьдахад, орон гэргүйн улмаас хоёр охиноо асрамжид өгсөн ээж гэр бүлтэй болж, хоёр хүүхэдтэй болсон. Тэгээд ээжийг олж уулзаад хүүхдүүдээ аваач гэхээр "Хүүхдүүд нэгэнт ингээд өсчихлөө. Би ахиад хоёр хүүхэдтэй болсон. Одоо энэ хүүхдүүдийг мэдэгдвэл дахиад энэ хоёр хүүхэд маань өнчрөх гээд байна" гэсэн ээжид хөөцөлдсөөр байгаад охидуудыг нь хүлээлгэж өгсөн. Дөрвүүлэнг нь хаяад дахиад өөр хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан байна. Энэ бол маш харамсалтай кэйс.

-Хүүхэд үрчлэх асуудал хэр байна вэ. Гадаад иргэд хэр их хүүхэд үрчилдэг вэ?

-"Өнөр бүл"-д ирж буй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Гэвч бид орон тооноос шалтгаалж, авах боломжгүй байна. Үрчлэлийн асуудал нээлттэй байдаг. Өнөөдөр бүтэн өнчин, хагас өнчин нэртэй боловч эцэг эх нь ирж авдаггүй хүүхдүүд байна. Гэтэл бид үрчлүүлэх гэхээр гэр бүлийн гурван хүүхэд байгаад байна. Тэднийг салгах боломжгүй болчихоод байна. Гэтэл гурвууланг нь үрчлээд авах боломжтой гэр бүлүүд гарч ирэхгүй байна.

Хоёр, гурван настай хүүхдүүдийг хүмүүс өргөж авах дуртай. Гэтэл үрчлэх болохоор нөгөө эцэг эхчүүд миний хүүхдийг дээрэмдэх гэлээ гээд хүүхдүүдээ өгдөггүй. Ирээд аваач гэхээр авахгүй. 10-аад жилийг өнгөрүүлчихсэн байдаг. Томорсон хойно нь тэр хүүхдүүдийг үрчлүүлэх боломжгүй байдаг.

-Санхүүжилт хэр байна вэ?

-Ирэх жилийн төсөвт 500 орчим сая төгрөг нэмэгдсэн. Энэ төсөв нь багш нарын цалин нэмэгдсэнтэй холбоотой төсвийн нэмэгдэл байгаад байна. Түүнээс биш урсгал зардалд хомс байна. 2.4 тэрбум гэдэг бол нэг их мөнгө биш. Учир нь гэр бүлтэй нь дүйцэхүйц орчин бүрдүүлэхээр ажиллаж байна. Айл шиг орчин бүрдүүлэхэд л нэг өрөөнд 9 орчим сая төгрөг хэрэг болно. Энэ нь төсөвт тусгагдахгүй байна. Үүнээс болж үйлчилгээ хомс байна. Хүүхэд сайхан орчинд өсөж торних ёстой. Төсвийг батлахдаа энэ асуудалд анхаараач ээ гэж хүсмээр байгаа юм.

ХОВД: Туг, далбааг баруун гарын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж заасны дагуу 2 улсын далбааг байршуулсан
ХОВД: Туг, далбааг баруун гарын дүрмээр өрөөнийхөө аль таатай талд байршуулна гэж заасны дагуу 2 улсын далбааг байршуулсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.