УИХ-ын чуулганы хуралдаанаар Ипотекийн зээлийг хойшлуулах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр "Цар тахалтай холбоотойгоор зээл төлөлтийг хойшлуулсан. Ингэхдээ тухайн иргэн зээлээ төлж болно, төлөхгүй нь хойшлуулж болно гэдэг байдлаар шийдсэн. Анх шийдвэр гарч байхад нийт зээл авсан иргэдийн 20 орчим хувь нь төлөхгүй байхаар байсан бол одоо бараг 50 хувьд хүрсэн.
Ипотекийн уг хөтөлбөр эргэлтийн сангийн маягаар өөрийгөө санхүүжүүлэх тогтолцоо бий болсон гэдэг утгаараа төлбөр орж ирвэл дараагийн эх үүсвэр болж гарах боломжтой. Энэ онд ипотекийн зээл бага гарч байгаа нь төлбөр орж ирэхгүй байгаатай холбоотой" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Ипотекийн зээлийн санхүүжилтын асуудал Монголбанкнаас хийгдээд явж байна. Ипотекийн зээлийн төлөлтийн хэвийн байдалд явуулах саналыг Монголбанкнаас гаргаж байгаа. Цаашдаа санхүүжилт нь хэвийн явагдах үүднээс тодорхой хэмжээнд хугацааг нь хойшлуулах асуудал байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Одоогоор шийдвэр гараагүй. Төсөвт өөрчлөлт оруулсан зүйлгүй" гэх мэдээлэл өгсөн. Түүний ярилцлагыг энд дарж уншина уу.