2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын уулзварт газ ачиж явсан ачааны машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч дэлбэрэлт болсон. Улмаар онцгой байдлын алба хаагчид болон энгийн иргэд нийлсэн долоон хүн амиа алдсан байдаг.
Тэгвэл өнөөдөр дээрх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас тус гэмт хэрэгт холбогдогч Ч.Р-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус тойргийн шүүхэд ирүүлсэн.
Шүүх хэргийг хүлээн авч, энэ сарын 25-нд яллагдагч болон иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх явцад тус гэмт хэрэгт холбогдогчийг зөвхөн бусдыг амь нас, эрүүл мэндээр хохироосон үйлдэлд нь яллагдагчаар татсан бөгөөд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ямар зүйл ангиар буруутгаж байгаа нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл дэлбэрэлтийн улмаас шатсан гэх 207-р байрны оршин суугчдыг хохирогчоор тогтоохдоо Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн хохирогч болохыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоогоогүй байна.
Мөн тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны 2025/ШЗ/3222 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан зарим ажиллагаа бүрэн хийгдээгүй, тодруулбал гал түймрийн улмаас шатсан барилгыг улсын комисс ашиглалтад хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуульд заасан шаардлага хангасан барилга хүлээж авсан эсэх талаар шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна гэж үзжээ.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!